Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын гурван гишүүн, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлснийг хэлэлцүүлгийн шатанд нэгтгэж хэлэлцэхээр болсон. Нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар шийдвэрлэжээ. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Туваан нар үг хэлж, хуулийн хэрэгжих хугацааг сунгаж байгаа энэ боломжийг сайн ашиглахыг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд уриалав. Ингээд төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон байна.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Энэ үндсэн дээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэнийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ.

2.Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, тогтоолын төсөлд хүндэтгэлтэй хандаж, тогтоолын төслийг батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь дэмжив. Иймээс тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 47 нь буюу 95.9 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …