Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Монгол Улсын Шадар сайдад шинээр томилогдож буй С.Амарсайханд тамга гардуулж өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шадар сайдын ажлын албаныхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Мөнхдорж нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй.
Хууль зүйн ухааны магистр. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд “Оюуны-Ундраа” группийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.