Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.04) хэвлэлийн хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд:
Байнгын хороо 2020 оны чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.
-Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 6 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн.
-Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 7 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 8 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 1-ийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
-Байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл 6-г хэлэлцэн баталсан байна.
-Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 16, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2-ыг хэлэлцэж, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 4, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 2, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллыг бэлтгэн гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.
-Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль 8-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.
Ингээд Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж, хэрэгжүүлсэн онцлог ажлуудын талаар Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн ажлын хүрээнд “1990-2020 оны Монгол Улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн харилцаан дахь алдаа, оноо”-ны асуудлаар судалгаа хийж, аналитик тойм бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны хэрэгжилтийг хангах тухай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Намрын чуулганаар Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар цаашид орчин цагийн музей хөгжих чухал ажил болсон. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Ингэснээр Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах боломжийг бүрдүүлж буйгаа онцлог юм. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулсан. Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Боловсролын шинэчлэлийн талаарх багц хуулийг батлуулснаар боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй олгох, боловсролын бүх үйл ажиллагааг зайнаас болон интернет технологид суурилсан байдлаар явуулах, багшийн нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн тогтвортой сургалтын хөтөлбөр болоод монгол хүүхдийн онцлогт нийцүүлсэн боловсрол олгох нь уг хуулийн гол зорилт юм гэлээ.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны хэрэгжилтийг хангах тухай ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх уг ажлын хүрээнд тус Байнгын хорооноос хяналт тавьж ажиллана. Ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа ба уг ажлын хүрээнд зөвхөн жорлон бус халуун, хүйтэн устай тухайн газар зүйн орчинд тохируулсан тохилог ариун цэврийн байгууламжийг бий болгохоор ажиллаж байгааг тэрбээр дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, ирэх хаврын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд бага, дунд боловсролын хөтөлбөрийг хэрхэн тогтвортой байлгах, мөн багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд юунд анхаарах зэрэг асуудалд ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд олон улсад өрсөлдөж чадахуйц Ерөнхий боловсролын 10 сургуулийг улсын хэмжээнд шинээр байгуулахаар ажиллаж байна. Эдгээр сургуулиуд нь олон улсын хөтөлбөртэй байх ба энэ оны төсөвт тусгагдсан болно. Мөн одоо байгаа 40 лаборатори сургуулиудийн хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх, үүнийг дагаад багш, ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.