МАН-ын дарга Миеэгомбын Энхболд санаачлан Монголын улс төрийн намуудын дарга нарыг Улаанбаатар зочид буудалд хүлээн авч, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ.
Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан юм.
Энэхүү нээлттэй уулзалтаар намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгоход харилцан ойлголцож хамтран ажиллахаа илэрхийллээ.
Санамж бичигт “Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар бид улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж дараах асуудлаар санал нэгдэн энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Нэг.Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.
Хоёр.Улс төрийн намууд болон сонгогч олон түмэнд эргэлзээ үүсгэхээргүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоог бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэр бүхий харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүчээ нэгтгэнэ.
Гурав.Улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, энэхүү санамж бичигт дурдсан асуудлыг дэмжиж үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлж байна” гэжээ.