АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэлийг нэрээ татсан талаар мэдээлэл гараад байна. Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж дөрвөн хүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Уг хуралд Ц.Оюунгэрэл оролцоогүй бөгөөд энэ нь АН-ын даргын сунгаанаас нэрээ татсан гэсэн үг биш гэдгийг тэрбээр мэдээллээ.
АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур дүрмийн бус үйл ажиллагаа явагдлаа. АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно” гэсэн юм.
Тэрбээр мөн уг үйл явдалтай холбоотойгоор өнөөдрийн хуралтай холбоотойгоор АН-ын Дотоод сонгуулийн хороо, даргалагч И.Мөнхжаргалт анхааруулга хүргүүлэх албан бичгийг хүргүүлжээ.
Нэр дэвшихээ мэдэгдсэний дараа ирсэн албан бичгүүд дээрх тамга, гарын үсгийг нягталж үзсэн бөгөөд хүчингүйд тооцсон тамга тэмдгийг дарсан тул сонгуулийн зардал болон 93 сая төгрөгийг хүлээн авах дансыг шалгуулахаар банкинд хандаж, хариу хүлээх зуур өнөөдрийн хурлыг зохион байгуулсан гэж үзэж байгаа аж. Мөн Дотоод сонгуулийн хорооноос гаргасан 03 тоот тогтоолд ҮХБ-ны хурлыг гуравдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт болох товтой байсан ч хугацааг наашлуулсан гэддгийг мөн дурдсан байна.