Фото: “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ХХ зуунд хамгаалан тэмцэж, хадгалахад Монгол Улсын Зэвсэгт хүчин гол баталгаа нь болсоор ирсэн билээ.

Ардын журамт цэргийн дайчин эрсээс орчин цагийн арми болж хөгжиж бэхэжсэн зэвсэгт хүчний түүхэн уламжлал, хөгжил шинэчлэлийг харуулсан “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэнг Монгол цэргийн музейгээс үзэгч олондоо дэлгэн толилуулж байна.

“Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн нь Ардын журамт цэргээс-Монголын ардын арми, Монголын Зэвсэгт хүчин өнөө үе гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.

1921 оны Ардын журамт цэргээс өнөөгийн Зэвсэгт хүчний дайчид, энхийг сахиулагч нарын түүхэнд холбогдох архивын 100 гаруй баримт, 150 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйлсийг дэглэн үзүүлэхээс гадна 1200 гаруй гэрэл зураг, баримтат киног орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан үзүүлэхийг зорьж буйгаараа онцлог болж байна.

Тус үзэсгэлэнд Монгол цэргийн музей, Монголын Үндэсний музей, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгөөс урьд өмнө үзэгчдийн хүртээл болж байгаагүй ховор түүхэн гэрэл зураг, архивын үнэт баримтууд, Үндэсний музейн сан хөмрөгөөс жанжин Д.Сүхбаатарын дээл, хантааз, отго жинс бүхий малгай, тамганы хайрцаг, Д.Бодоогийн сийлсэн МАН-ын анхны тамга, бийр янтай, өөрийн музейн сан хөмрөгөөс БНМАУ-ыг тунхаглан анхны үндсэн хууль батлагдсан үеэс гарсан анхны загварын одонгууд, “Баатрын алтан таван хошуу” медаль, үе үеийн цэргийн дүрэмт хувцас, буудлагын зэвсгүүд зэрэг түүхэн биет үзмэрийг дэглэж байна.

Энэхүү үзэсгэлэнд мэдрэгчтэй ухаалаг дэлгэц, холограмм төхөөрөмж, ухаалаг зурагт, мэдрэгчтэй яригч, аудио чихэвч, гэрэлт самбар, проектор,VR box, QR код зэргийг ашигласнаар Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэнд холбогдох гэрэл зураг, архивын баримтуудыг он дарааллын дагуу олноор байршуулж үзэгчид өөрийн сонголтоор түүхэн цаг үеийн баримт материал, гэрэл зурагтай танилцах боломжийг олгож байгаа нь тус үзэсгэлэнгийн гол онцлог, шинэлэг тал болно.

Тус үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газрын үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архивын удирдлага хамт олонд талархал илэрхийлж ажлын арвин их амжилтыг хүсч, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …