Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй

   Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар тус тус танилцуулсан.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулгадаа онцлоод Элчин сайд Ё.Отгонбаярын томилогдон ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй гэдгийг тодотгов.

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар суугаа улсын хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэдгийг танилцуулгадаа дурдав. 

Элчин сайдыг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар Н.Алтанхуяг, Ш.Адьяшаа, Д.Ганбат, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ажиллагаа зохион байгуулаад, үүнийг УИХ-аар хэлэлцээд сууж байгаа нь монгол төрийн  чадавхыг бууруулж байгааг анхааруулж байлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Элчин сайдын яамны албаны цахим хаягуудад нэвтрэх, нууц үг болон интернетийн компанитай хийсэн гэрээ, тухайн компанитай харилцах эрхийг элчин зөвлөх хариуцдагийг тодотгоод, энэ асуудалтай холбоотой тайлбарыг холбогдох албан тушаалтнуудаас авч, Элчин зөвлөхийн асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргана гэдгээ мэдэгдлээ. 

    Ингээд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …