“Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Женев хотноо болсон хүний эрхийн кино наадам болох “FIFDH”-с хошой шагнал хүртлээ.
“FIFDH” кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртжээ. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон нь анхны тохиолдол боллоо.
“Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури, ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсераар Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар Н.Батжаргал, хувцас зураачаар Ц.Түмэнхүү, хөгжмийн зохиолчоор Жон Гюртлэр, Жан Мисерр нарын уран бүтээлчид ажиллажээ.
Харин киноны гол дүрд жүжигчин МУСТА Н.Ялалт , Т.Энэрэл, С.Ариунбямба, МУГЖ У.Батбаатар, Б.Бат-Ирээдүй тогложээ.
Сонирхуулахад зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн нь 2003 онд “Ингэн нулимс” Монголын баримтат киног Луйжи Фалорнитай хамтран бүтээж, дэлгэцнээ гарч байжээ.
Тус бүтээл нь Баварийн кино наадмаас олон шагнал хүртэж, Оскарын “Шилдэг баримтат кино” төрөлд нэр дэвшиж байсан юм. Түүнчлэн тус бүтээл нь 60 гаруй орны кино театрын дэлгэцээр олны хүртээл болсон байна.
Мөн 2005 онд түүний бүтээсэн “Шар нохойн там” баримтат уран сайхны кино дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийн хүртээл болсон юм.