“Токио 2020” олимпын наадмын зохион байгуулагчид цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож ирэх долдугаар сарын 23-нд эхлэхээр төлөвлөгдөөд буй зуны олимпын 32-р наадмын үеэр олон улсын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байна.
Улмаар бусад орны үзэгчдийн худалдаж авсан олимпын 600.000, паралимпын 300.000 орчим тасалбарыг буцаахаар болжээ. Тус шийдвэр нь олимпын наадамд оролцох тамирчид болон тэдний багийн албаныханд хамаарахгүй юм.
Зохион байгуулагчид цар тахлын тархалт дэлхий дахинд одоог хүртэл намжаагүй төдийгүй хэд хэдэн шинэ хувилбар гараад байгаа нь олон улсын аялал жуулчлалд хязгаарлагдмал байдлыг бий болгож байгааг дурдсан байна.
“Токио 2020” наадмын шинэ ерөнхийлөгч Сейко Хашимото одоогийн нөхцөл байдалд үндэслэн энэ зун гадаад улсын иргэдийг Япон руу нэвтрүүлэх нь туйлын хэцүү байгааг хэлээд олимпын наадам үзэхээр төлөвлөж байсан жуулчдад зочид буудлын захиалга, онгоцны тасалбар гэхчилэн төлөвлөгөөгөө өөрчлөх хугацаа олгохын тулд тус шийдвэрийг гаргаж байгаа тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Тэгвэл Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тус шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд “Гэхдээ энэ бол зайлшгүй шийдвэр. Бид бүх оролцогчдын аюулгүй байдлыг хүндэтгэн үзэх ёстой” гэж хэлсэн байна. Шийдвэрийг Олон улсын олимпын хороо, Олон улсын Паралимпын хороо, Япон улсын засгийн газар, Токио хотын захиргаа, Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны уулзалтын дүнд гаргасан байна.