Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэв.
2021 оны гуравдугаар сарын 25-ны үдээс хойших хуралдааны үеэр тус асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийг завсарлага авсан, өнөөдрийн хуралдааны эхэнд дахин нэг цагийн завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Н.Ганибал танилцуулсан.
Дараа нь Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 53 нь дэмжлээ.
Ийнхүү нэр дэвшигчийг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул Улсын Их Хурлын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар хэсгийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүхийн санал болгосноор Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолд тусгажээ. Энэхүү тогтоолыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөх юм байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр амжилттай ажилласан Ш.Цогтоод Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Шинээр томилогдож буй Ж.Эрдэнэбулган гишүүнд гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бусаар, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ чин шударгаар биелүүлэхийг хүсье. Улсын дээд шүүх, ойрын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хоёр дахь саналаа хэлэлцүүлээрэй” гэлээ.