Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.26/ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүнээс 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Тогтоолын төслийн 1 дэх заалтын түр хорооны гишүүд гэсэн хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ” гэж нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь дэмжсэн юм. Дараа нь дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа.
Нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 75.4 хувь нь дэмжин, төслийг баталсан тул тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга танилцуулав.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Түр хороог даргалах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллана.