“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 17 дахь цувралын зураг авалт эхэлжээ.
Реалити шоуны энэ удаагийн дугаарт хосууд оролцож байгаагаараа онцлог болж байгаа юм.
Тодруулбал, 17 дахь цувралд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч Д. Галбаяр түүний эхнэр жүжигчин Т.Хулан, “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч, влогчин хос Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар оролцож байна.
“Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Э.Дөлгөөн цахим хуудсаараа дамжуулан “21000” реалити шоунд оролцож байгаа мэдээллээ.
Тэрбээр ““21000” реалити шоунд мундаг ах эгчтэй орж байгаадаа маш их баяртай байна.Галаа ах үнэхээр цоглог эрч хүчтэй өөрийгөө дайчилдаг хөгжүүлдэг мундаг хүн юм. Хулан эгч бол авьяасын ундарга юм байна. Дуулна гэж гайхалтай. Бас биеэ авч яваа нь яг л 25-тай юм шиг юм аа. Илүүдэл жин гэж алга. Арьс нь толийсон. Нүд нь гэрэлтсэн цаанаа нэг сайхан эмэгтэй юм байна гэдгийг хажуугаас нь хараад л мэдэрч байна. Үнэхээр л хоорондоо тохирсон хос байна. Эрч хүч үнэртүүлсэн мундаг хүмүүстэй эн зэрэгцээд өрсөлдөж байгаадаа тун баяртай азтай байна” хэмээн бичжээ.
Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод хорин нэгэн мянгыг 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, гурван саятай болох юм.
Жүжигчин хос Д. Галбаяр, Т.Хулан, влогчин хос Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нарын хэн нь 10 хоногт 21000-г зөв зүйтэй зарцуулж нэвтрүүлгийн ялагчаар тодрох эсэхийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “21000” реалити шоу нэвтрүүлгээс харах л үлдлээ.
Сонирхуулахад “21000” реалити шоуны өмнөх дугаарт МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг нар өрсөлдсөн бөгөөд шоуны ялагчаар хийлч Ч. Дэлгэрцэцэг тодорсон билээ.