Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн гэлээ.
Нэр дэвшигч Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85,2 хувь нь дэмжсэн тул “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.