Хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг явагдаж байна

 Хуулийн төсөлд саналаа өгнө үү

528090b9-f160-46d7-9216-cc81ac102826-zuragХөдөлмөрийн сайдын 2013 оны А/47 дугаар тушаалаар байгуулагдсан ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, ажлын хэсгийн болон ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, холбогдох байгууллага, төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагыг хийж, гарсан саналыг тусгасан болно. Энэ удаа хуулийн төслийг Хөдөлмөрийн яамны веб сайтад байрлуулж, цахим хэлэлцүүлгийг 2013 оны 12 дугаар сарын 15-ныг хүртлэх хугацаанд зохион байгуулж байна. Саналаа 262617 дугаарын утсаар болон erdene@mol.gov.mn , munkhtsetseg@mol.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2013 оны … дугаар сарын… – ны өдөр                                                                  Улаанбаатар  хот

 ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ  ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд дор дурьдсан агуулгатай 283 дугаар зүйл нэмсүгэй.

28(3) дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чиг үүрэг

28(3).1.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

28(3)1.1. аж ахуйн нэгж, байгууллагынхаа онцлог, нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

28(3).1.2. аюул ослыг арилгах, хяналт тавих чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн болон байгууллагын ажилтнуудын төлөөллийн оролцоотой ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;

28(3).1.3. аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль дүрэм, заавар, журам, стандартын биелэлтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

28(3).1.4. ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг шинээр болон шинэчлэн боловсруулан батлуулж, мөрдүүлэх;

28(3).1.5. ажилтны эрүүл мэндийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний байдалд судалгаа, дүгнэлт хийж, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

28(3).1.6. ажилтныг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангуулах;

28(3).1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байрны таатай орчин бий болгох, гарч болзошгүй ослоос сэргийлэх арга хэмжээ авах талаар ажил олгогч болон бусад нэгж, хэсгийн удирдлага, албан тушаалтанд шаардлага тавьж биелэлтийг хангуулах;

28(3).1.8. учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэлх хугацаагаар зогсоох;

28(3).1.9. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, журам, хууль зөрчсөн ажилтан, албан тушаалтанд арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх талаар ажил олгогчид санал тавьж шийдвэрлүүлэх;

28(3).1.10. осолд дөхсөн тохиолдол бүрийг бүртгэж, гарсан ослыг ажлын байр шалтгаанаар нь судалж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

28(3).1.11. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3, 6, 23, 26, 28, 36 дугаар зүйлд дор дурьдсан агуулгатай дараах заалт, хэсэг нэмсүгэй. 

1/ 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалт:

3.1.20.”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг ажил олгогчийн удирдлагын дор хэрэгжүүлдэг этгээдийг.

2/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

6.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулна.

3/23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг:

23.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хорооны үйл ажиллагааны зардлыг тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тус тус тусгана.

4/ 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг:

26.1.4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хувиарласан хөрөнгө.

5/ 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг:

28.1.17. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, зөвлөлийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломж, зардал, төсвөөр хангах. 

6/ 36 дугаар зүйлд 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.11 дахь хэсэг:

36.7.ажилтныг зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэг шинжилгээнд хамруулаагүй холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгож, ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт нөхөн хамруулах арга хэмжээ авна.

36.8.ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх талаар зөрчил гаргасан холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.9. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийн агуулга хангахгүй, хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй сургалт зохион байгуулсан аж ахуйн нэгж, сургалтын байгууллагыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

36.10.энэ хуулийн 31.2-д заасан ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй хологдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.11. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар биелүүлээгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг шаардлагын дагуу хэрэглээгүй ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

 3 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-36.6 дэх хэсгийг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

36.1. ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан бол ажил олгогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч буюу шүүгч торгоно.

36.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого  2 ба түүнээс дээш гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч эсхүл шүүгч торгоно.

36.3.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажил олгогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч буюу шүүгч торгоно.

36.4.хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн  стандартын шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүйгээр үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.5.машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, даралтат сав, шугам хоолойд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын  талаар мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажил олгогчийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус тус торгоно.

36.6.үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гишүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч буюу шүүгч торгоно.

 4 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.4 болон 28.1.11 дэх заалтыг дор дурьдснаар өөрчлөн найруулсугай.

1/ 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

26.2.Төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний  зардлын 5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээнд болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна. Энэхүү заалт нь ерөнхий захиалагч, туслан гүйцэтгэгч байгууллагад нэгэн адил мөрдөгдөнө.

2/ 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт:

28.1.4. ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг арилгах арга хэмжээ авч байх;

3/ 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалт:

28.1.11. судалж, баталгаажуулсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох байгууллагад мэдээлж байх. 

5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтын “үндэсний хороо” гэсний дараа “салбар хороо” гэж нэмсүгэй.

 6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.5 дахь хэсгээс  “түр” гэснийг хасч найруулсугай.

 7 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6.2 дахь заалтын дугаарыг “6.3”, 26.1.4 дэх заалтын дугаарыг 26.1.5 болгож өөрчилсүгэй.

 8 дугаар зүйл. Энэ хуулийг 2014 оны … дугаар сарын …-ны өдрөөс дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …