УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаанаар хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг нээлттэй хэлэлцлээ.
Д.Ганзориг: Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна
Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохион байгуулагддаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас бид 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг” хэмээн хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Н.Алтанхуяг:Д.Ганзоригоо, чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин явахгүй юм байна
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:Д.Ганзориг гэдэг хүний ярьж байгаа хандлагаар харахад энэ арми өөдлөхгүй ээ. Энэ бол хүний хандлагын асуудал. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, цэргүүдийг цагдаагаар хянуулна гэж юун олон солиотой юм яриад байгаа юм. Сүүлийн 20 жилд хэчнээн гэмт хэрэг гарчихаад байгаа юм. Нэг утас ажиллуулмаар байна. Батлан хамгаалахын бүлэглэл дээр утас ажиллуулаад хэрэг байхгүй. Хүн гэмтээгээд, дарамтлаад, хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ. Өчнөөн олон аав, ээж, хохирогчид байгаа. Үүнийг нэг удаагийн яриа, шоу маягийн юм хийгээд өнгөрөөмөөргүй байна. Хүн дэглээд байгаа хүмүүсийг шорон, гянданд нь явуулах хэрэгтэй. Д.Ганзоригоо, чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин явахгүй юм байна. Мөнгө төгрөг, орон тоо, байшин сав ярина. Тэр бага дарга хүн зодоход мөнгө төгрөг, байшин сав ямар хэрэгтэй юм бэ.
Б.Энхбаяр:Ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй, түүнээс нь болоод бараг алчихсан юм шиг утгатай юм ярьж байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэлэлцүүлгийн шатанд гишүүд тодорхой санал гаргалаа. Гишүүдийн асуултад хариулж байгаагаас харахад хариуцлагын асуудлыг ЗХЖШ-ын удирдлагатай тооцох асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Гишүүдийн асуултад хариулж байгаа байдлаас харахад ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй, түүнээс нь болоод бараг алчихсан юм шиг утгатай юм ярьж байна. Маш хариуцлагагүй зүйл ярьж байна. Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хариуцлагын асуудлыг ч ярих хэрэгтэй.