О.Цогтгэрэл: С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2021.04.07/ төр, нийгмийн зүтгэлтэн С. Зориг агсны хөшөөний өмнө цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 20-ний өдөр буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнд Монгол улсын баатар цолыг нэхэн олгох санаачлагыг ерөнхийлөгч рүү хүргүүлэхээ дурдлаа. Иймд өнөөдрөөс эхлээд ард иргэдийг С.Зоригт улсын баатар цол олгох санаачлагад нэгдэж гарын үсгээ зурахыг уриаллаа.

Санаачилгад цахимаар нэгдэх хаяг: https://form.jotform.com/210953594856468

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан үзэл санааны удирдагч, Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг Ардчилсан намын зүгээс эхлүүлж байгаагаа Монголын мянга мянган иргэдэд зарлаж байна.

Энэ санаачилга бол хэн нэгэнд хэлбэрийн төдийхнөөр Улсын баатар цол олгуулах гэж буй үйл хэрэг биш ээ. Өдрөөс өдөрт үнэлэмж нь уруудсаар байгаа Монгол хүний үнэ цэнийг өсгөх, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрхийг нь эргүүлэн авчирч, ардчиллаа хамгаалах гэсэн оролдлого гэж бид үзэж байна.

Монгол улс, Ардчилсан нам Санжаасүрэнгийн ЗОРИГгүй өнгөрсөн 8,223 өдөрт бид улс төрийн ЗОРИГООР, урагш ахих урам ЗОРИГООР, иргэд эвлэлдэн нэгдэх ЗОРИГООР, ирээдүйдээ итгэх ЗОРИГООР дутсаар ирсэн.

Зориггүй өнгөрөөсөн өдрүүдэд дутсан урам ЗОРИГ, хүсэл тэмүүллээр дараагийн 10 жилд, ирээдүйн 100 жилд бид дутаж болохгүй учраас Санжаасүрэнгийн Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй гэж бид үзэж байна.

Үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө нөхдөө манлайлсан түүний үйл хэргийг үлдэх хойч үеийнхэнд үнэн зөвөөр мөнхлөн үлдээх үүрэгтэй учраас энэхүү санаачилгыг Ардчилсан Монгол улсын иргэн таныг, Ардчилсан намын гишүүн таныг талархан дэмжиж, гарын үсгээ зуран давалгаална гэдэгт итгэж байна.

Бидний энэхүү санаачилгыг улс даяараа уухайлан дэмжиж, мянга мянгаараа гарын үсэг зурна гэдэгт итгэж байна. Таны, миний, бидний мянга мянган гарын үсэгтэй санаачилгыг Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдрөөр баатар цолоор нэхэн шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах болно. Шаардлагатай бол УИХ-ын гишүүний хувиар, УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс нэг удаагийн нэхэн олгох хуулийг санаачлан өргөн барихад бэлэн гэдгээ илэрхийлж байна.

Их Монгол улсыг байгуулагч Чингис хаан гэдэг шиг, Ардын хувьсгалын удирдагч Сүхбаатар жанжин гэдэг шиг, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ С. Зориг баатар гэж бид яагаад дуудаж болохгүй гэж? С. Зориг агсны нэгэнтээ хэлсэнчлэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд, итгэл үнэмшилд үүрд мөнхөд байдаг гэдэгт би итгэж байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …