Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан өчигдөр (2021.04.07) 14 цаг 08 минутад гишүүдийн зуун хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны даргаар шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалан хуралдуулав.
Дэд хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ талаарх мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлаж, 2021 оны зургадугаар сарын 09-ний өдөр санал авахаар тогтоосон. Түүнчлэн Улсын Их Хурлын мөн өдрийн 08 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэх 22 журам, заавар, аргачлал, хуваарийг баталж, хэрэгжилтийг хангаж байна. Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны ямар нэг хоцрогдолгүй хэвийн явагдаж байгаа. Сонгууль зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлаас өнгөрсөн онд баталж өгсөн төсвийн хүрээнд хэрэгжүүлнэ, төсвийн хувьд ямар нэг хүндрэл байхгүй гэдгийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 гишүүн буюу нийт 198 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Харин энэ сарын 10-ны өдөр гэхэд сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдах бол ирэх сарын 10-ны өдөр гэхэд хэсгийн 2087 хороог байгуулах юм байна. Сонгуулийн хороодод нийтдээ 21354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах аж. Харин Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгожээ. Мөн серверийн шинэчлэлтийг сайжруулах, сонгуулийн дүн дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангах, санал авах байруудад байрлуулах хяналтын камеруудыг бэлэн болгох зэрэг бэлтгэлийг хангаж байгаа аж. Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнээс бүрдэх мэдээллийн технологийн баг хариуцаж ажиллах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана” гэж заасан. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан танилцуулсан юм.
Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжоор улсын бүртгэлийн байгууллагын хэрэгжүүлэхээр заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 9 бүлэг, 94 арга хэмжээ бүхий ерөнхий төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийт 96 ажлаас 40 ажлыг бүрэн гүйцэтгэж, төлөвлөгөөний хэрэгжилт 42 хувьтай байгаа, холбогдох бусад ажил, арга хэмжээ цаг хугацааны хуваарийн дагуу хийгдэж байгааг дурдав.
Сонгогчийн бүртгэлийн техник, тоног төхөөрөмжид техникийн үзлэг, тооллогыг энэ оны нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт ”Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 19.4-т заасан цахим хуудсанд байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн танилцах боломжоор хангана” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулах цахим хуудасны программ хангамжийг боловронгуй болгох, хөгжүүлэх, сайжруулах ажлыг хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гарган хүргүүлэхтэй холбоотой дундын мэдээллийн санд ажиллах программ хангамжийг шинээр боловсруулж, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисст урьдчилсан байдлаар танилцуулаад байна гэдгээ хэллээ.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх, нягтлан шалгах, танилцуулах ажлын хүрээнд хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог баг, хороо бүрээр 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар гаргаж, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ. Мөн хуульд заасны дагуу холбогдох журам болон маягт, загварын төслийг боловсруулан гуравдугаар сарын 26-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороогоор батлуулж, улмаар гуравдугаар сарын 29-ний өдрийн 1/2217 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А 213/38 дугаар тушаал/тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-ыг энэ сарын 02-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо болон улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлжээ.
Сонгуулийн хэсэг байгуулсан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд нийт 2087 сонгуулийн хэсгийн мэдээлэл үүссэн бөгөөд үнээс орон нутагт 1630, нийслэлд 457 сонгуулийн хэсэг ажиллах юм байна. Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх, сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цахим санд тусгажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А213/38 дугаар тушаал/тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-д заасны дагуу тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв, давхардал, зөрчилгүй тусгасан эсэхийг нягтлан шалгаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдсэн. Энэ үндсэн дээр 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,159,203 сонгогч бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1,142,705 сонгогч нь аймагт, 1,016,498 сонгогч нь нийслэлд бүртгэгдээд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна” гэж заасан. Энэ дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр www.burtgel.gov.mn цахим хуудсанд байрлуулж, энэ талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хаягаар нийтэд мэдээлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангаад байна. Өнөөдрийн байдлаар 4416 иргэн сонгогчийн нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ танилцсан талаар дурдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.” гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/215 тоот тушаалаар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөний зогсоохоор зааж, энэ тухай нийтэд мэдээлж ажиллаж буйгаа тодотголоо.
Эцэст нь тэрбээр Ковид-19 халдварт цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан сонгуулийн техник хэрэгслийг сонгуулийн хэсгийн хороодод түгээх, итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан сургалтыг танхимаар зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх магадлалтай; мөн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хэвлэх болон биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг унших төхөөрөмж, бусад дагалдах хэрэгслийг анх 2012 онд авснаас хойш шинэчлээгүй байгаа; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.7, 60.8 дахь хэсэгт заасан тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан болон цахим архив үүсгэхээр байгаа заасан хэдий ч сонгуулийн санал авах өдөр сонгогчийн тухай үеийн гэрэл зургийг авах техник хэрэгсэл байхгүй зэрэг хүндрэлтэй асуудал байгааг хэлж байв.
Дараа нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал цахимаар оролцож, тус яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж явуулах үүрэг бүхий төв комиссыг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа. Төв комисс хоёр удаа хуралдаж, дэлхийн 30 улсад иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг 187 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан тухай тэрбээр дурдав. Гадаад харилцааны яам хуулиар хүлээсэн ичг үүргийнхээ дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх, тэднээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь шууд нислэг хийгдэхгүй байгаа тул саналын хуудсыг заасан хугацаанд цаг алдалгүй хүргүүлэхэд анхаарч, энэ талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж, гарц боломжийг эрэлхийлж байгаа гэдгийг дурдлаа.
Хуулийн дагуу төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээх аж. Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулах бол салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах юм.
Мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Г.Ганболд нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны яамны төлөөллүүдээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Г.Ганболд хэлэхдээ, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн гаүруудад саналын хуудсыг саадгүй хүргэх асуудлыг цаг хугацааны хувьд сайн анхаарах, сонгууль зохион байгуулахтай холбоотой танхимын сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар явуулах боломжийг хайх, санал тоолох техник, төхөөрөмжийг алслагдсан, сүлжээгүй орон нутгийн хэсгийн хороодод хэрхэн хүргүүлэх, найдвартай байдлыг хэрхэн хангахад анхаарч бэлтгэхийг сайн хангахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
Мөн тэрбээр энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсож танилцлаа. Цаашид тодорхой санал байвал Байнгын хороо, Засгийн газарт уламжилж шийдүүлэх боломжтой гэдгийг хэллээ.