Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чөлөөтэй байгаа учраас Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Учир нь шударга ёсны төлөөх тэмцлийн гол хэсэг, шүүхийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, хараат бус байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Гэвч цэцийн дунд суудлын хуралдаанаас уг хуулийн зарим хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон, Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц ч асуудлыг ухаалгаар авч үзэж, өмнөх шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна.
Иймээс хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбаяр гишүүний үг, тайлбарыг сонсох шаардлагатай байгаа тул асуудлыг түр хойшлуулах саналтай байна гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа шударга шүүхийн төлөө, шүүхийн шинэчлэлийн төлөө байгаагаа хэлээд цэцийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг чуулганы хуралдааны дэгээр зохицуулсан байдаг учраас асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм.
Гишүүдийн саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарч, өчигдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсох, түүнээс гишүүд асуулт асууж тодруулах хуралдааны дэгтэй. Иймээс тайлбар, мэдээлэл сонсох, асуулт асууж тодруулах бололцоог гишүүдэд олгохыг дэмжиж буйгаа хэллээ.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлт гаргажээ.