УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр үдээс хойшдоо цаг сунган үргэлжлүүлснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байна. Мөнгөний бодлого батлагдсанаар ирэх онд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжихийн зэрэгцээ орон сууцны урт хугацаат найман хувийн зээл үргэлжлэн олгогдох болж байна. Мөн инфляцийн төвшинг 2014 оны эцэст найман хувьд барих зорилт руу тэмүүлэх ёстой. Мөнгөний бодлогод суудаг хоёр дахь том зорилт нь валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэдэг. Энэ оны хувьд ам.долларын төгрөгтэй харилцах ханш тогтмол өссөөр байгаа ч төв банкны хувьд бодлогын хүүг чангаруулах арга хэмжээ рүү тэр бүр тэмүүлэхгүй байгаа. Ийм арга хэмжээг авсан нөхцөлд арилжааны банкны хүү өндөрсч, эргээд бодит секторыг дэмжих бодлого хумигдах учраас зөөлөн бодлого барьж ажилласан. Нэг жил орчмын хугацаанд хэрэгжиж байгаа энэхүү зөөлөн бодлого ирэх онд ч үргэлжилнэ.
Мөн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжлэг аваагүй санал тус бүрээр санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлэв.
үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!