Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 74-р чуулган энэ сарын 24-ны өдөр цахимаар боллоо. Энэ үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус вакцины шударга хуваарилалтыг уриалаад, энэ оны 9-р сар гэхэд улс орнуудын хүн амын 10%-г, оны эцэс гэхэд наанадаж 30%-г нь вакцинжуулахаар чармайж ажиллахыг санал болгожээ.
Чуулганы нээлтийн дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үг хэллээ. Тэрээр, КОВИД-19 цар тахал жил гаруй үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрд заналхийлэл болсоор байна. Он гарснаас одоо болтол дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 2020 оны бүтэн жилийнхээс давлаа. Энэхүү чиг хандлагаар энэ оны эхний хагаст халдварын улмаас нас барах хүний тоо ч өнгөрсөн оны бүтэн жилийнхээс давж мэднэ.
Дэлхий ертөнц маш эмзэг, хэврэг болсон энэ үед улс орнууд вакцины шударга хуваарилалт хийх ёстой. Өдгөө дэлхийн нийт вакцины 75 хувь нь 10 гаруйхан оронд төвлөрч байна. Ийм “ичгүүргүй голч бус байдал” тахлыг улам дэврээж байна. Хэрэв шударга хуваарилалт хийх юм бол вакцин д дэлхийн хэмжээнд эмчилгээний нийт ажилтнууд болон ахмад настнууд бүрэн хамрагдаж болох юм” гэжээ.