Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулж Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.
Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхлэнэ.
2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь коронавируст цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг санаачлан, батлуулсан талаар гишүүд мэдээлэлдээ дурдлаа.