УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг гурван чиглэлээр сонслоо.
Нэгдүгээрт, Covid-19-ийн нөхцөл байдал улс оронд хүндхэн байна. Хоёрдугаарт, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Тухайлбал, төсвийн тодотгол, Улсын баяр наадам бусад асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож ярилцлаа. Гуравдугаарт, цаашид хөрөнгө оруулалт төсвийн чиглэлээр ялангуяа энэ цаг үед эдийн засгаа яаж дэмжих үү талаар ярилцлаа. Засгийн газар Covid-19-той холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргана.Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ.
Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Тиймээс Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Байр дулаан цахилгааны хөнгөлөлт бүгд яригдана”гэлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
–Баяр наадамтай холбоотой асуудлыг хэлэлцсэн болов уу?
-Ерөнхий сайдтай ярилцлаа. Өнөөдөр шийдвэр гаргах болоогүй байна. Засгийн газар нөхцөл байдлаа судалж байгаад зургадугаар сарын сүүлээр ярилцахаар боллоо. Өнөөдөр хийнэ, хийхгүй гэдэг шийдэл гаргаагүй. Судалж байж шийдвэрээ гаргана.