Монголын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Дэлхийд тархсан Монгол өв, гар бичмэл, архивын баримт”олон улсын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун болон эрдэмтэн судлаачид, албаныхан оролцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав “Хүн төрөлхтний соёлын чухал ололтын нэг бичиг үсэгтэй болсон явдал юм. Чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөдрийн технологийн эрин үе хүртэл хүн төрөлхтний бүтээн байгуулсан соёлын асар их өв нь бичиг үсэгтэй салшгүй холбоотой. Монголчууд бичгийн өндөр соёл, өвтэй ард түмэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлагаар Монгол Улсын түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хуулбарлан авах, хуулбарлан авсан соёлын өвөө дотооддоо хадгалан хамгаалах, судлан шинжлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар анхаарч, цэгцтэй, системтэй бодлогыг залгамж холбоотойгоор онцгой хэрэгжүүлж эхлээд байна.
Үүний нэг тод жишээ бол “Дэлхийд тархсан монгол өв архивын баримт бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан гаргаж буй энэхүү үзэсгэлэн юм. БНХАУ, Тайванийн архиваас хуулбарлан авсан Монголын хил хязгаар, нутаг дэвсгэрийн тэмдэглээний зураг, АНУ-ын Төрийн яамнаас Хятадын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Бээжин дэх Америкийн төлөөлөгчийн газарт ирүүлсэн баярын цахилгаан мэдээ, Хүрээнд цэргийн бослого хөдөлгөөнд уриалж, гадаад Монголын тусгаар тогтнолыг өдөөн хатгасан Семёновын тухай Дундад иргэн улсын Гадаад явдлын яаманд мэдэгдсэн бичиг зэрэг гар бичмэлүүд бий”-г онцоллоо.
Архивын ерөнхий газар нь сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлэн, гадаадын архивуудад хадгалагдаж байгаа, Монголын түүхэнд холбогдох баримт бичгээр архивын сан хөмрөгийг төгөлдөржүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
ОХУ, АНУ, БНХАУ, Тайваниас хуулбарлан авсан баримтын 150 цуглуулгаас төлөөлүүлэн 51 баримтыг дэлгэн харуулсан тус үзэсгэлэн 2021 оны 6 дугаар сарын 25-ныг дуустал Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх юм.
Үзэсгэлэнд Монголын үндэсний номын сан нь Монголын дундад зууны түүхэнд холбогдох хөшөө чулууны бичээс, нанхиад сурвалжийн хуулбар эхүүд, Монголын үндэсний музей нь Монголын эзэнт гүрний хаадаас гадаадын хаадуудад илгээсэн захидлын хуулбар эх, Түүх, угсаатны зүйн хүрээлэн XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн гадаадын судалгааны экспедицийн тайлан, гэрэл зургийн альбом, Архивын ерөнхий газар нь ХХ зууны түүхэнд холбогдох ОХУ, АНУ, БНХАУ-Тайваны төрийн архивуудаас хуулбарлан авсан баримтын цуглуулгаас үзэсгэлэнд зориулж 150 баримтыг дэлгэсэн байна.