МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.
МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн 823 мянга 347 мянган иргэнд талархал илэрхийлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан сонгууль болсныг тодотголоо. МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонголоо.
Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан. Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.