Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллахаар болсон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилсон. Тэгвэл ҮАБЗ-ийг мэдээллээр хангаж ажиллах ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ.
Стратегийн судалгааны хүрээлэн нь дараах үндсэн зорилго, чиглэлтэй ажилладаг.
Үндсэн чиг үүрэг
Дэлхий нийтийн болон бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эерэг, сөрөг хүчин зүйлсийг цогцоор судлан дүн шинжилгээ хийх, төрийн бодлогын стратегийн чиглэлийн үндсийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангах
Үйл ажиллагаа
Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой явуулж буй судалгааны ажлын уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох, үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан санал, зөвлөмжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчимаа болгодог.