Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр /2021.07.01/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын 117.963 хүн коронавирусний халдвар авч 79.602 хүн эмчлэгдсэн бол нас барсан хүний тоо 578 хүрсэн байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрээ хойшлуулах саналыг Засгийн газар, Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн энэхүү саналыг хүлээн авч, судалж, шийдвэрлэх хариу өгсөн байна.
Түүнчлэн коронавирусний халдварын эсрэг сан байгуулах санаачилга гаргаснаа зарлаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа “ Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л боломжоо дайчлан тэмцэж байгаа харамсалтай нь коронавирусний халдварын улмаас олон хүн амь насаа алдлаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Нэн тэргүүнд вакцинд хамрагдаагүй унаач хүүхдүүдийн халдварт өртөх эрсдлийг хөндөж, цаашлаад иргэд, аж ахуйн нэгжүүд бизнесээ ч явуулж чадахгүй байхад Үндэсний их баяр наадмыг хийх нь зөв эсэх асуудлыг тавьж байгаа” гэв.
Тиймээс Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдүүдийн амь насыг эрсдэлд учруулахгүй байх, улмаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын шинэ нөхцөлд бэлтгэлтэй байх шаардлагын үүднээс Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн саналыг нааштай шийднэ гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан “ 2021 онд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулах зорилгоор Хүүхдийн төлөө санг байгуулсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан тус сангийн үйл ажиллагаа, зориулалтыг өөрчлөх, коронавирусийн халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь дэмжлэг үзүүлэх, эм, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зорилтот бүлэгт халамж үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ” гэв. Энэ зорилгоор Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сарын цалингаа энэ төрлийн үйл ажиллагаанд хандивлаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хүмүүнлэгийн энэхүү үйлсэд нэгдэх уриалгыг гаргалаа.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн саналыг Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж байгаа бол Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа шийднэ хэмээн найдаж буйгаа М.Оюунчимэг гишүүн хэлсэн. Мөн коронавирусний халдварын улмаас амь насаа алдагсдад эмгэнэл илэрхийлж, зул өргөх арга хэмжээ зохион байгуулна гэлээ.