УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хууль болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүд батлагдлаа.
Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ.
Соёлын сайд Ч.Номин:Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал. Үүнд, чухал ач холбогдолтой Соёлын салбарын “үндсэн хууль” гэж нэрлэж болохоор Соёлын тухай хууль соёрхон батлагдлаа.
Энэ хууль 2005 оноос хойш үе үеийн сайд, УИХ-ын гишүүд, УИХ-ын байнгын хорооны дарга нарын хүч хөдөлмөр, оюун санаа, зүтгэлээр бий болж байна. Энэ бол бидний хувьд, соёлын салбарынхны хувьд бахархууштай сайхан өдөр. Монгол соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэхэд ямар эрх зүйн орчин шаардлагатай, тэр бүхнийг хуульд шингээж үлдээлээ. Би Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн хэрэгжилтийг илүү сайн байхад, дагалдан гарах журмыг боловсруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.
Кино урлагийг дэмжих хууль батлагдлаа. Энэ бол өөрийн соёлыг энэ цаг мөчид амьдарч байгаа үр хүүхэд, залуучууддаа зөв байдлаар, тэдний сонирхдог байдлаар түгээн дэлгэрүүлэхэд хамгийн чухал хууль болж байгаа гэж үзэж байна. Цаашлаад өөрийн орны өв соёл, түүхийг дэлхийд танин мэдүүлэхэд ч чухал нөлөөтэй байх юм.
Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хууль Монгол Улсын соёл урлагийн салбарын ажилчдыг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр хуулийг батлуулахад хүч хөдөлмөрөө зарцуулсан үе үеийн уран бүтээлчид, УИХ-ын гишүүдэд баярлалаа.Эдгээр хуулийг хэрэгждэг хууль байлгахын тулд анхаарч ажиллах болно, баярлалаа” гэлээ.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням“Байнгын хорооноос энэ чуулганаар хоёр томоохон хуулийг эцэслэн батлуулж чадлаа. Соёлын тухай хуульд сүүлийн 15 жил өөрчлөлт ороогүй байсан. Өргөн баригдаж их удаан хэлэлцсэний эцэст батлагдлаа. Энэ хуулийн үндсэн агуулга нь Монголын соёлын өвийг хадгалах, шинэ тутам орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хамгаалах, өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зохицуулалт хийсэн бодлогын хууль болсон. Соёлын салбартай холбоотой бүхий л харилцааг Төрийн зүгээс хэрхэн зохицуулах асуудлыг тусгасан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Соёлын яамтай болсны эхний үр дүн бол энэ хууль юм.
Хоёрдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх агуулга яригдаж байгаа. Энэ чиглэлд Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж чадлаа. Энэ хуулийн хамгийн том онцлог нь Монголд хөрөнгө оруулалт татах, урлагийн чиглэлээр бизнес бий болгох хуулийн заалтууд орсон байгаа” гэлээ.