Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 16-ны бямба гаригт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг баталлаа
Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан бөгөөд урьд өмнө энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламжийг үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлттэй зээл олгож болох талаарх саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны 5 дугаар сард танилцуулж байжээ. Улмаар тус оны 8 дугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны 4 дүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байна. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарч байна.
Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлж, усан цахилгаан станц барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгалаа.
“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүдийг дэмжлээ
Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр суралцах, ажиллах болон бизнес, аялалын чиглэлээр бусад улс оронтой харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах тал дээр анхааран ажиллаж байна.
Гадаад харилцааны яамны мэдээллээр Хонг Конгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байгаагаас гэмт хэргийн сэжигтнээр хоёр иргэн саатуулагдан шалгагдаж, 21 иргэн шүүхээр ял шийтгүүлэн хоригдож байна. Хонг Конгийн Шилжилт хөдөлгөөний албанаас гаргаж өгсөн мэдээллээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын 23385 иргэн Хонг Конгт зорчжээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсэд 2012 оны 11 дүгээр сард хийсэн айчлалын үеэр Хонг Конгийн талтай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, төслийг хүргүүлжээ. Хонг Конгийн тал хэлэлцээр байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, хариу төслөө ирүүлснийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг судалж, энэ оны 5 дугаар сард Хонг Конгийн талтай хэлэлцээ хийн эх бичвэрийг тохиролцсон байна.
Засгийн газрын хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
ТОВЧХОН:
· Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоны 2013 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүн, түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Б.Коморовскигийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад хийсэн ажлын айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
· НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний ээлжит тайлан боловсруулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжин, үндэсний тайлан боловсруулсан тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
· Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантегийн 2013 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав.