Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулсан.Гэхдээ наадмын нээлтийг иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр өчигдөр /2021.07.11/ үзэгчдийн хүртээл болголоо.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлснээр эхэллээ.
Үүний дараа “Би Монгол Хүн” хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Төрийн дууллаар эхлүүлэв.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар, Ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нар ажиллаж нээлтийн хүндэтгэлийн тоглолтыг “Би Монгол Хүн ”нэрийн дор зохион байгууллаа.