Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Япон улсын Токио хотод очсон байна.Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ.
Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй хамт байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн хэлжээ. Тэрбээр энэ байдлыг “далд аюул” хэмээн тодорхойлсон байна.
“Хэдийгээр гаднын тамирчид өөр өөр давхарт байрласан ч ресторан, үүдний танхим гээд хаа сайгүй орон нутгийн жуулчидтай холилдсоор байна. Энэ нь Ковидын халдварыг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс бид зохион байгуулагчидтай энэ талаар зөвлөлдөж байгаа” хэмээн “Барселона-1992” олимпийн мөнгөн медальт Жан Шиаодон хэлжээ.
Токиогийн олимпын үеэр коронавирусийн тархалт эрчимжихээс сэргийлэн халдвар хамгааллын маш хатуу дэглэм мөрдөж буй. Олимпын наадам үзэгчгүй явагдахын зэрэгцээ Токио хот болон зарим мужид хөл хорио тогтоосон. Тамирчдыг бар, ресторан орох, жуулчны бүсээр явахыг хориглосон бөгөөд олимпын тосгонд зөвхөн тамирчин, албаны хүмүүсийг л нэвтрэхийг зөвшөөрч байгаа.
Хятадын тухайд түүхэн дэх хамгийн том баг буюу 400 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Токиогийн олимпод оролцох юм.