“Токио-2020” олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй үүднээс нь буцаав.Коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гаргасан юм.
“Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид маань олимп зохиогдох эсэхийг мэдэхгүй, бэлтгэлдээ явж болох эсэхээ ч мэдэхгүй байлаа. Цар тахлын энэ бүх стрессийн дараа тамирчид олимпын наадамд гялалзаж, олон түмнийг цэнгүүлэх болно” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр ярьжээ.
Тосгон нь Токиогийн далайн эрэг орчмын Харүми дүүрэгт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зургаан кмийн зайд байрладаг. Тосгонд тамирчид байрлах 1800 гаруй барилга бий. Энд олимпын турш 18 мянга орчим зочин төвхнөх юм.
Village Plaza нь тамирчдын зорин очих гол газар байх болно. Энд кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, олимпын наадамтай холбоотой бэлэг дурсгалын дэлгүүр, фитнесс төв, амралтын газар, эмнэлэг, допингийн хяналтын станц байрлаж байна.