Өнгөрөгч 9-р сарын 30-ны өдөр хуучнаар “Далай ээж” хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн “Нийслэл” хиамыг худалдан авахад дотроос нь ногоон өнгөтэй мах гэхэд мах биш, өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш сонин зүйл гарч ирсэн. Үүнд дургүйцсэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа зургийг нь авч нийтлэн, хүнсний эрүүл ахуйг хэрэгжүүлэх ёстойг сануулсан. Харин энэ удаа “Мах импекс” -ийнхэн хэрэглэгчээ Баянгол дүүргийн шүүхэд дууджээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн цахим хуудаснаа тавигдсан дээрх зургаас болж ‘MAX IMPEX’-ийн борлуулалт буурч улмаар 15 сая төгрөгийн алдагдалд орсон гэнэ. Тиймээс гомдол гаргасан хэрэглэгчээс 15 сая төгрөг нэхэмжилсэн байна.Хэрэглэгчийн тайлбарлаж байгаагаар: Миний цахим хуудсандаа байршуулсан зургийг найзууд маань шэйр хийсэн. Тэрийг нь зарим сайт мэдээ болгож тавьсан юм билээ. Мэдээ байршуулахдаа надтай холбогдоогүй. Тэгтэл тэрхүү мэдээний хариуцлагыг намайг хүлээж, уучлал гуйн, залруулга хийх ёстой гэсэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мах Импексээс энэ хэрэгтэй холбоотойгоор огт уучлалт гуйгаагүй.” Хэмээжээ. Ийнхүү гомдол гаргасан хэрэглэгч маань өөрөө буруутан болж өрөнд ороод байгаа сурагтай. Энэхүү хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх биз ээ.