Монголын Үндэсний Олимпын Хорооноос “ТОКИО 2020”зуны XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа.
AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй Олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм.
Уг аппликэйшныг МҮОХ нь AR технологи хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Аргун ХХК-тэй хамтран бүтээжээ.
AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй Олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм.
Олимпын наадамд оролцож буй улс орнууд өөрсдийн улс, соёлоо танилцуулах зорилгоор тусгай орчин, байшин засдаг уламжлалтай.
Манай улс ч 2020 оны Олимпын наадамд өөрийн улсыг сурталчлах “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, Токио цамхагийн дор засахаар ажиллаж байсан юм.
Гэвч цар тахлын улмаас төрөл бүрийн хязгаарлалт дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадамд манай улс анх удаа уг уламжлалыг дижитал орчинд шилжүүлэх санаачлага гаргаж, ийн аппликэйшнээ танилцуулж байгаа нь энэ юм.
Дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн эрэлттэй чиг хандлагуудын нэг AR-ийг ашигласнаар уг апп нь хэрэглэгчдэд гар утсаараа Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын гэрээр аялах боломжийг олгоно.
Мөн Токио 2020 наадамд оролцож буй Монголын багийн танилцуулгыг үзэж, Монгол соёлыг танилцуулсан төрөл бүрийн контентыг хүлээн авах боломжтой ажээ.
“Өнгөрсөн жил явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр Монгол улс анх удаа дижитал хэлбэрээр улсаа танилцуулах зорилготой байгаагаа зарласан нь ийн биеллээ олж байна. Виртуал орчинд Монголчуудын бахархал болсон, тэр дундаа сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын гэрийг AR технологийн тусламжтайгаар хэрэглэгчдийн гарт ойртуулж байгаадаа баяртай байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс аппликэйшныг хэрэглэгчид уг гэрт орж, машид нарийн урласан хийц, чамин тансаг эдэлбэр бүрийг нь мэдрэх боломжтой.
Энэ апп таныг Монголын өнө эртнээс уламжлалтай түүх соёлтой танилцуулахаас гадна спортын арвин амжилтыг хуваалцах боломжийг олгох болно” хэмээн уг апп-ийг санаачлагч ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг онцлон тэмдэглэв.
Уг апп нь Монгол, Англи, Япон хэл дээр ашиглагдах боломжтойгоос гадна iOS, Android үйлдлийн системд бүрэн нийцэн ажиллана.
Технологийн дэвшлийг өв соёлтой хослуулан дэлхийд таниулах боломж олгосон уг төслийн алтан ивээн тэтгэгчээр “Скайтел”, “И-Март”, “Хас Банк”, “Ачит Ихт” ХХК-ууд ажилласан бол мөнгөн ивээн тэтгэгчээр “Богд Банк”, “Аргун”, “МПлас”, “iLaw” компаниуд ажилласан байна.
Та бүхэн дараах холбоосоор апп-ыг татаж авч Монгол гэрээр зочлон Монголын багаа дэмжээрэй.
iOS: https://apps.apple.com/us/app/mongolian-house/id1576716558
Android: https://play.google.com/store/apps/details…