Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Боловсролын багц хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүдтэй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзаж, санал солилцлоо.
Өнгөрөгч зургадугаар сарын 24-ний өдөр Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Боловсролын багц хуулийг хэлэлцэхээс өмнө эргэлзээтэй, маргаан дагуулах эрсдэлтэй асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх, их дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах асуудлаар удирдлагуудтай нь хэлэлцүүлэг хийх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн асуудлаар багш, эцэг эхчүүдийн саналыг авах зэрэг ажлуудыг зохион байгуулах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд салбарын мэргэжилтнүүдтэй тогтмол мэдээлэл солилцож, хамтран ажиллах хэрэгтэйг онцлов.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулийг 2002 онд, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг 2008 онд, Бага, дунд боловсролын тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд тус тус баталжээ. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, Бага, дунд боловсролын тухай хуульд 13 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор боловсролын салбарын системийн шинжилгээ, тогтолцооны хөгжлийн загвар, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэрэг чиглэлээр нэмэлт судалгаануудыг хийсэн байна.