Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайханыг хүлээн авч уулзаж, санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан цар тахлаас хамааран эдийн засгийн идэвхжил суларсан ч санхүүгийн салбар 4.2 пунктаар өсөж, ДНБ-ий 17.5 хувьд хүрснийг уулзалтын эхэнд хэлж, СЗХ-ны хийж, хэрэгжүүлж буй ажлууд, хуулийн төслүүд, ойрын төлөвлөгөө, СЗХ-ны чиг үүрэгт үйл ажиллагаа нь хамаарч буй салбаруудад гарч буй шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав.
Тухайлбал, банкуудыг хувьцаат компани болгох ажлын явцын талаар мэдээлэл өгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 банкны 9 нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд ирүүлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд банкуудын төлөвлөгөө батлагдаж, хувьцаат компанийн хэлбэртэй болох үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг хэллээ. Тэрбээр цаашид санхүүгийн салбарыг банк төвтэй бус болгох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компанид шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарын реформыг зайлшгүй хийх шаардлагатай болсон учраас Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн нь эхнээсээ хэрэгжиж, хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулан зохих түвшинд дэвшил гарч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Улмаар банкны реформыг хийхдээ дэлхий нийтийн хөгжлийн жишгээр олон нийтийн оролцоог сайтар хангах, ил тод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмждэг банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд СЗХ-оос онцгой анхаарч ажиллахыг хүсэв.
Цаашлаад өрхийн санхүүгийн чадамжаас давсан, өр, зээл үүсгэсэн харилцааг зохицуулах, хэрэглэгчдийг хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлж, бүрэн эрхийнхээ хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.