Тайваний Тайжун хотноо 26 дахь удаагаа зохиогдож буй “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн ялагчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд зарлалаа.
Монгол улсаа төлөөлөн оролцсон гурван зураачийн уран бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ хүртэж, хоёрдугаар шатанд шалгарчээ.
Шагнал хүртсэн уран бүтээлүүдийн нэг болох “Унтамхай” буюу “Sleepy” тосон зургийг урласан Э.Цэнгүүн нь одоогоор Тайваньд урлаг, дизайны чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж байна. Тэрбээр 2022 оны эхээр Тайваньд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна.
Уран бүтээлч Э.Цэнгүүний “Унтамхай” бүтээл нь хурц тод өнгөтэй, үндэсний онцлог хэв маягийг тод томруунаар илэрхийлжээ.
Мөн тус уралдаанаас шагнал хүртсэн уран бүтээлч болох Б.Баттогтохын тосон зураг “Жинхэнэ хаан” буюу “True king” бүтээл нь хийсвэр өнгө аястай бүтээл болжээ.
Гар урлалын чиглэлээр уран бүтээлч И.Сайнбаян нь “Үхлийн тухай эргэцүүлэл” буюу “The Meditation on Death” бүтээлээр шагнал хүртжээ.
“Да Дун-2021” дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн 25 орны уран бүтээлчдийн 1507 бүтээл өрсөлдсөн ба үүнээс 115 бүтээлийг Тайваниас бусад гадаадын уран бүтээлчид ирүүлжээ.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж. Р. Лүө хэлэхдээ “Тайваний “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн” бол дэлхийн улс орнуудын уран бүтээлчид харилцах томоохон тайз бөгөөд энэхүү үзэсгэлэн нь Монголын шинэ залуу зураачдыг дэмжих, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг роль гүйцэтгэж буйд туйлын баяртай байна.
Энэхүү үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд Монгол орны уран бүтээлчид маш идэвхитэй оролцож байгаа. Цаашид ч Монгол орны уран бүтээлчид уг уралдаанд өргөнөөр оролцож, “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн” нь уран бүтээлчдийн карьерт чухал эргэлт гаргах, олон улсад танигдах боломжийг нэмэгдүүлэх боломж нь байгаасай хэмээн хүсэж байна.” гэв.