Бүгд Найрамдах Чех Улсын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин өнөөдөр батламж, мөнгөн шагналыг нь гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номингийн хэлэхдээ, “Косианы нэрэмжит “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас шагнал хүртэж, монголын сонгодог урлагийн хөгжил, чанар чансааг олон улсад таниулсан залуу хийлч сурагчид та бүхэнд талархал илэрхийлж, баяр хүргэе. Мөн энэхүү уралдаанд амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангасан Монгол Улсын Гавьяат багш Ш.Дуламсүрэн, багш Д.Амармэнд, ОХУ-ын Ардын жүжигчин В.Тонка болон эцэг, эхчүүд та бүхэнд талархсанаа илэрхийлье. Хэдийгээр энэхүү мөнгөн шагнал нь Та бүхний гаргасан амжилт, урлагийн авьяасыг хэмжихгүй ч урам болж, урлаг, уран сайхныг дэмжих зөв хөрөнгө оруулалт болж чадна хэмээн найдаж байна” гэлээ.
1959 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд манай улсаас анх 2009 онд Монгол Улсын гавьяат багш Ш.Дуламсүрэн сурагч Т.Энхмаагийн хамтаар оролцож байсан түүхтэй.
Энэхүү уралдааны нэг онцлог нь оролцогчдыг зөвхөн кодоор буюу нэр, улс орныг зарлалгүйгээр тоглуулдаг бөгөөд хоёр шаттай зохион байгуулагддаг. Уралдааны 1 дүгээр шатанд зөвхөн нэр заасан зохиолыг тоглодог бол 2 дугаар шатанд тоглолтын хугацааг зааж өгдөг онцлогтой.
Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг энэхүү уралдаанд 2021 онд дэлхийн 10 гаруй орноос 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр оролцож ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн сургуулийн 5 сурагч амжилттай оролцож, Засгийн газрын тогтоолоор баталсан мөнгөн урамшуулал авах журмын болзлыг хангасан юм.
Энэ журмын дагуу Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ч.Цэцэн Б.Марал, ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн сурагч Т.Удвал нарт тус бүр 14,0 сая төгрөг, мөн сургуулийн сурагч Л.Энэрэлд 9,0 сая төгрөгийн урамшуулал олгосныг Соёлын сайд Ч.Номин гардууллаа.