Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.
НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Энэ хүрээнд ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлэв. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлэв.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн “Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн” байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа тодотгов.
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгааг хэлэв. Энэ дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.
Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа.
Мөн НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэж, НҮБ Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв.
Тэрбээр “Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой” гэж тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцож байгаа юм.
Энэ үеэрээ НҮБ-тай хамтарч ажиллах чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр, бүс нутгийн хэмжээнд туршлагаасаа хуваалцах, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогод суурилж гаргасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.
Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн түүхтэй. Бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.