Ардчилал, эрх чөлөөг муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов.

“Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Янгүн хотын Их сургуульд лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд энэ сарын 20-нд лекц уншлаа. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр орон түүхэн харилцаа холбоотой. Монголын Хубилай хааны ач хүү тэртээ 730 жилийн өмнө Мьянмарт ирж байсан түүхтэй. Хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Монголын ард түмэн Мьянмарын нэгэн хүндтэй хүнд өнөөг хэр нь талархаж явдаг. Монгол Улс НҮБ-д анх 1961 онд элсэхэд тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ү Тант чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэр үеэс хойш хоёр орон олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжсээр ирсэн ч хоёр талын харилцааг эрчимжүүлэх тал дээр өнөөг хүртэл ийм дорвитой арга хэмжээ, уулзалт цөөн хийжээ. Бид түүхэндээ ямар учраас холбоотой явсаар ирэв? Бидний түүхийн хэлхээ холбоо, царай төрх, урлаг соёл, шашин шүтлэг гээд адил төстэй зүйл их учраас бид салшгүй холбоотой байсаар ирсэн юм.

Бид сүүлийн хэдэн өдөр Мьянмарын төр засгийн удирлагуудтай уулзлаа. Тэд Монголын ардчиллын шилжилт, зах зээл, эдийн засаг гээд маш их зүйлийг сонирхож, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай улс 50 сая мал, гурван сая хүн, 1.5 сая ам км газар нутагтай. Бид малчин айлд төр өссөн хүн. Би жирийн малчин айлд хүмүүжиж, ард иргэдийнхээ чөлөөт сонголтын ачаар улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж явна. Ард түмнийхээ чөлөөт сонголт, эрх ашгийн төлөө зүтгэх боломжийг надад олгосон юм. Тэртээ 1989 оны хүйтэн өвөл би зорилго нэгт нөхдийн хамтаар гудамжинд жагсаж, ардчилсан шилжилтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж явсан билээ.

Монголын ардчилсан тогтолцоонд шилжсэн зам дэлхий нийтийн анхаарлыг ямар учраас татдаг вэ гэхээр бид энхийн замаар зорилгодоо хүрсэнд байгаа юм. Тухайн үед хоёр том социалист дэглэмтэй гүрний дунд энэ том шилжилтийг хийнэ гэдэг боломжгүй мэт байсан биз. Тэр үед хуучин ЗХУ задраагүй байсныг дурдахгүй байхын аргагүй. Нэг ч хүний хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалаагүй энхийн замаар ардчилалд шилжсэнийг цохон тэмдэглэе. Бидний гарт зөвхөн лоозон л байсан. Хэрэв бид хүчирхийллийн замыг сонгосон бол тухайн үеийн эрх баригчид хатуухан хариу барих байлаа. Хэрэв бид зэвсэг хэрэглэсэн бол тэд хариуд нь танк оруулах шалтаг болох байсан. Бид зөвхөн зөвшилцөхийг хүссэн. Эцэст бид нь санасандаа хүрч парламентын ил тод сонгууль явуулж чадсан.

Бид эдийн засаг болоод улс төрийн шилжилтийг нэгэн зэрэг хийснээрээ олон улсын анхаарлыг татдаг. Эдгээр шилжилтийг нэгэн зэрэг хийсэн Азийн цорын ганц улс бол Монгол гэж боддог. Эдийн засаг, улс төрийн шилжилтийг нэгэн зэрэг хийх боломжгүй гэсэн ойлголт тухайн үед байсан шүү дээ. Энэ үзлийг бид эвдэж чадсан юм.

Ардчилал, эрх чөлөө хэзээ ч бүрэн хөгжиж дуусдаггүй. Нялх хүүхдийг өдөр бүхэн хооллодог шиг ардчилал, эрх чөлөөг үргэлж тордож, муу муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог. Хуулийн тэгш хэрэгжилтийн орчинд ардчилал хөгждөг. Авлига хээл хахуулиас болж бүтэлгүйтсэн ардчилал олон бий. Хуучин социалист дэглэмийн үед төр засаг эрх мэдэлтэнд үйлчилдэг байсан. Харин өнөөдөр төр маань ард иргэдийнхээ ашиг сонирхолд үйлчилдэг болжээ. Улстөрчдийн эрх ашгийг бус иргэдийн эрхийг хамгаалах ёстой. Бид Авлигатай тэмцэх газрыг байгуулж, авлигын эсрэг хууль дүрмийг санаачилсан. Ингэж дорвитой тэмцэхгүй бол бид ардчиллыг хэчнээн сайхан хөгжүүлсэн ч амжилт олохгүй.

Би эмэгтэйчүүдийг улс төрд оруулах, улс орны хөгжлийн асуудалд шийдвэр гаргах түвшинд идэвхитэй оролцуулах нь зүйтэй гэж боддог. Учир нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс илүү хариуцлагатай, шударга зан чанар байдаг. Би үүнийг ээжээсээ сурч мэдсэн. Эмэгтэй хүн бүрт эх хүний өгөөмөр энэрэнгүй зан, аливаа зүйлийг шударгаар тэнцүү хуваалцах гэсэн эрмэлзэл байдаг. Иймээс эмэгтэй хүнийг улс төрд оролцуулснаар тэд ард иргэдэд баялаг хүртээх тал дээр бусдаас илүү хариуцлагатай, санаачилгатай ажиллаж чадна гэдэгт найддаг. Хүүхэд нь өлсөж ядраад гэртээ ирэхэд ааваас түрүүлж ээж нь мэдээд хоол цай өгдөг шүү дээ. Үүний нэгэн адилаар өлсөж ядарсан ард түмнээ хайрлаж хамгаалах асуудалд эмэгтэй хүний нинжин сэтгэл шингэсэн төрийн бодлого байх ёстой.

Хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд бид анхаарал хандуулах ёстой. Энэ бодлогын дагуу бид дипломат болон албан пасспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хуучин социалист дэглэмийн үед энгийн иргэдэд гадаад пасспорт олгодоггүй байлаа. Зөвхөн эрх мэдэлтнүүд болон томоохон албан тушаалтнууд гадаад пасспорт авч болдог байсан. Харин бид үүнийг өөрчилж, иргэн бүрт пасспорт олгохоор тогтсон. Үүний ачаар иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжих нь тодорхой юм.

Хуулийн хэрэгжилтийн талаар хэдэн үг хэлье. Би Америк зэрэг хөгжилтэй улс орны жишээг татахгүй. Монголын хувьд бүр Чингис хааны үед Их Засаг хэмээх хуулинд захирагдаж, ард иргэд нь хуулиа дээдлэн эрх тэгш биелүүлдэг байсан түүхтэй. Иймээс бид хуулийн тэрш хэрэгжилтийн тал дээр гадаадын туршлагаас гадна улс орныхоо агуу түүхийг эргэн хардаг. Мьянмарын зүгээс Монголын туршлагыг илүүтэй сонирхож байгаа нь оновчтой сонголт ч байж магадгүй. Учир нь Монголын ардчиллын туршлага бол бусдаас давуу талтай. Бидний явж өнгөрсөн зам тод хэвээр байгаа. Бидний хүрсэн амжилт бүтээл тодорхой, бидний хийсэн алдаа дутагдал ил тод байгаа” гэв.

Лекцийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч оролцогчдын нарын асуултад хариуллаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …