“Miss World-Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин тодорлоо.
“Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өглөө.
70 дахь удаагийн “Miss World 2021” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй.
Мисс бүсгүй олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан бөгөөд гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилдаг юм.
Дэлхийн Мисс тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог бөгөөд оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. Дэлхийн миссийн финалийн тэмцээн нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үздэг.
Монгол улс 2005 оноос албан ёсоор Дэлхийн Мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн.