УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.11/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Бид хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой. 2022 оны төсөвт гурван зүйлийг чухалчилсан байна гэж бүлгийн гишүүд үзлээ.
Тодруулбал, 2022 оны орлогыг шахах, хоёрдугаарт, төсвийн зарлагыг бууруулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжих зорилготой төсөв болсон гэж үзсэн”гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Мөчлөг сөрсөн бодлого гэдэг нь эдийн засгийн голлох секторуудаа хүчтэй дэмжиж байж эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарна. Ялангуяа, төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа илүү түлхүү дэмжих, тэлэх ёстой.
Тухайлбал, энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалтууд болж байгаа. Нийгмийн голлох салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр онцгой анхаарч байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд 2019, 2020, 2021, 2022 онууд онцгой жил болж байна. Энэ салбарыг хэрхэвч хойш тавьж болохгүй онцгой үе. Цар тахлын үед мөн боловсролын салбар тасалдаж болохгүй.
Цаашдаа боловсролын салбарын чанарын үр өгөөжөөс гадна хөрөнгө оруулалт оновчтой байх бүтцийн шинэчлэлүүдийг хийнэ. Энэ мэтчилэн агуулгын өөрчлөлтүүдийг шингээсэн төсвийг өргөн барьж байна” гэлээ.