Н.Алтанхуяг: Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг 30 минут уулзалт  болж өнгөрлөө.

Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй

Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон.Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм  толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй гэж энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.33,3 сая машин 1,6 тэрбум төгрөг хэмнэнэ

Бүтээн байгуулалт, замын шинэчлэлээс ард иргэд хожно. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 16 уулзвар ашиглалтад орсон. Ойрын хугацаанд 2 уулзвар ашиглалтад оруулна. “Өргөө” кинотеатрын урд талын уулзварыг шинэчлэхэд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ уулзвараар жилд давхардсан тоогоор 33,3 сая машин нэвтэрнэ. Нэг машин уг уулзвараар дамжин өнгөрөхөд дунджаар 10,2 секунд, жилд 2 цаг 20 гаруй минут хэмнэнэ. Уулзвараар нэвтэрч буй машинууд жилд ийм хугацааг хэмнэхээс гадна нийт 1023 литр шатахуунаас 1,6 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм.

Оюутолгой “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль”-ийн хүрээнд татварын хөнгөлөлт эдлэхгүй

Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн тухайд: Ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээ таван хувийг хоёр дахин бууруулж 2.5 болгох саналыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа билээ. Ингэснээр алт олборлогчид алтаа хил давуулах биш Монголбанкд нийлүүлэх нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Харин энэ нь монголын хуулиас гадуур нэлээд хөнгөлөлт эдэлдэг Оюутолгойд бас хамаатай байх вий гэсэн болгоомжлолыг бүхий л түвшинд илэрхийлж байгаа. Энэ тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой энэ хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт эдлэх асуудал байхгүй. Оюутолгойн асуудлыг тусгай хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулдаг. Магадгүй Оюутолгой нөөц ашигласны татварыг 2.5 хувиар төлнө гэвэл гэрээгээ эргэн харж, бүх алтаа Монголбанкинд тушаах байдлаар зохицуулалт хийж болох юм” гэжээ.

Товч:

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор Монгол Улс хоёр хөрштэйгээ хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Хамрын хийд, Энергийн төвийн 42 км зам ашиглалтад орсон нь аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой ажил боллоо.

Замын-Үүд дэх шингэн ачаа ачиж буулгах байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажилтай танилцлаа. Өртгөлийн ажил ирэх сарын эхээр дуусна. Ингэснээр манай улс бензин, дизелийн түлшний хэрэгцээнийхээ 50 хувийг Солонгос, Хятад улсаас хангах боломж бүрдэнэ.

Зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол бүтээн байгуулалтын ажлууд энэ жилийнх нь шиг эрчимтэй хийгдэхгүй. Тиймээс зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байна.

Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд нээлттэй болох учиртай. Ийм чиглэл барьж Одон орон судлах оргилд ажилласан гэв.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …