Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.