2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай цахимаар уулзаж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сайн эхлэл болж буйг cайд нар онцоллоо.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөгжлийн цаашдын шинэ боломжийг тодорхойлох, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүсч болох аливаа бэрхшээлийг арилгах үүрэг бүхий хамтарсан Мэргэжилтний уулзалтыг тогтсон хугацаанд зохион байгуулах замаар хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэж байна.