Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ. Мөн Европын орнуудад эрс хүйтэрсний улмаас салхины эрчим хүчний нийлүүлэлт буураад байна. Олон улсад тулгарсан эрчим хүчний хямралын бодит байдлыг тоймлон хүргэж байна.
Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ. Мөн Европын орнуудад эрс хүйтэрсний улмаас салхины эрчим хүчний нийлүүлэлт буураад байна.
Хятадад нүүрсний нөөц хомсдож эхэллээ
Ази болон Европт эрчим хүчний үнэ өсөх хандлагатай байна. Үүнээс үүдэн Хятад улс эрчим хүчний хэрэглээгээ танахаа мэдэгдээд байна. Цахилгаан хангамж, нийлүүлэлт төдийгүй нүүрсний нөөц хомсдож байгаа нь Хятадын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа томоохон асуудал боллоо. Тухайлбал, энэ сарын эхээр Хятадын нийт нутаг дэвсгэрийнхээ гуравны хоёрт цахилгаан тасалж, хязгаарлалт хийсэн юм. Тодруулбал, цахилгааны хэрэглээ өндөр айл өрхүүдэд өглөөний 07:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл тогны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөхөөс гадна 2-3 хоног тутамд цахилгаанаа ээлжлэн унтрааж байх хүсэлтийг хүргүүлжээ. Мөн аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүдээ цахилгааны хэрэглээгээ хязгаарлахыг уриалж, жил бүрийн уламжлалт гэрлийн шоугаа цуцаллаа. Тухайлбал, Гуандун мужийн захирагчид гурваас бага давхар оффисын байранд лифт ашиглахыг хориглов. Энэ тухай төрийн хэвлэлийн “Global Times” сонин “Хятадын зүүн хойд хэсэг дэх эрчим хүчний хязгаарлалтууд нь цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээг чангатгах шаардлага тулж ирснийг харуулж байна” гэж бичжээ.
Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дулааны эрчим хүч нь эзэлдэг. Хятадын нүүрсний импортын хоногийн дундаж хэмжээ 5000 гаруй тоннд хүрсэн нь энэ оны эхний гурван улирлын дундажтай харьцуулахад 21 орчим хувиар өслөө. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан Хятадын сэрүүн уур амьсгалтай нутгуудад эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдээд байгаа юм.
Цахилгаан үйлдвэрлэгч болон дулаан нийлүүлэгчдийн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангахын тулд Хятад улс Оростой хиллэдэг хойд хилийн төмөр замын боомтоор орж ирэх нүүрсний импортыг нэмэгдүүлжээ. Мөн Өвөр Монголын 70 гаруй уурхайд нүүрсний олборлолтоо энэ сард 100 сая тонноор нэмэгдүүлэх чиглэл өглөө.
Хятад улс цахилгаан эрчим хүчнийхээ 65 хувийг үйлдвэрлэхийн тулд жилд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс ердөө долоон хувийг гаднаас импортолдог. Гэвч энэ нь ихэвчлэн эрчим хүч, ган үйлдвэрлэлийн чухал салбарт ашиглагдах өндөр агуулгатай нүүрс байдаг юм. Хятадад ирэх оны хоёрдугаар сар хүртэл 1.85 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэгцээтэй гэсэн тооцоолол гарчээ. Гэвч нүүрс нийлүүлэлт хомсодсоноос 344 сая тонн нүүрсээр дутах төлөвтэй байгаа аж.
Цахилгаан станцуудын нүүрсний нөөц нь таамаглаж байгаагүйгээр доод түвшинд хүрсэн Энэтхэг улсад эрчим хүчний үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо. Тус улс эрчим хүчний хомсдолд ороход тун ойрхон байгаа тул Дэли хотын цахилгааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайд нь холбогдох компаниудад даалгажээ. Мөн мужуудыг цахилгааны хэрэглээгээ багасгахыг уриалж, тодорхой хуваарийн дагуу эрчим хүчийг нь хязгаарлахаар болжээ. Гэвч зургаан цаг хүртэл цахилгаан хязгаарласныг иргэд эсэргүүцэж, жагсаж эхэллээ.
Эрчим хүчний үнэ нэмэгдсэн тул Европын орнууд хэрэглээгээ танав
Европт байгалийн хийн үнэ энэ оны эхний есөн сард 200 хувиар өсөөд байна. Энэ үнийн өсөлт, хийн хомсдолд Их Британи улс хамгийн ихээр нэрвэгдэж, эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрүүддээ байгалийн хийн төлбөрөө төлөхөд нь тусалж Засгийн газраас мөнгө зээлэх асуудлыг хэлэлцэж байна.
Испани улсад арванхоёрдугаар сараас хойш цахилгааны үнэ гурав дахин нэмэгдсэн тул Засгийн газраас нь эрчим хүчний үнийг хязгаарлах арга хэмжээг яаралтай авахаа зарлав. Франц, Итали улс ядуу өрхүүдээ цахилгааны төлбөрөө төлөхөд нь тусламж үзүүлэхээ амлав. Европын холбооны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Кадри Саймсон ирэх хавраас байгалийн хийн үнэ аажмаар буурна гэж мэдэгдэв. Мөн албаны хүмүүс Орос байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх амлалтаа биелүүлнэ гэж найдаж байгаагаа ярьж байна. Америкт хийн үнэ наймдугаар сараас хойш 47 хувиар өссөн бол газрын тосны үнэ ч мөн нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсад байгалийн хийн эрэлт бага байгаа нь энэ өвлийг Америк хэрхэн давах бол гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Ливан улсад түлш тасалдаж, тоггүй болов
Түлшний импорт тасалдсанаас үүдэн Ливан улсын хоёр том цахилгаан станц ажиллахаа больж, улсын ихэнх бүс нутагт эрчим хүч тасарсныг орон нутгийн хэвлэлүүд энэ сарын 9-нд мэдээлсэн. Тус улсын эдийн засаг гүн хямарсанаас түлшний импортоо зогсоосон нь эрчим хүч тасалдах үндсэн шалтгаан болсон юм. Тодруулбал, Ливаны мөнгөн тэмдэгтийн ханш 2019 оноос хойш 90 хувь хүртэл унаад байгаа юм. Ливанд үүсээд байгаа эдийн засгийн энэ хямралыг Дэлхийн банк сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн гүн, ноцтой хямрал хэмээн дүгнэжээ.
Тус улсын Эрчим хүч, усны сайд Валид Файяд “Ливаныг нэмэлт эрчим хүчээр хэрхэн хангах талаар нухацтай хэлэлцэж байна. Энэ нь Дэлхийн банкны санхүүжилтээс хамаарах юм. Тиймээс би Ойрхи Дорнодын Дэлхийн банкны албаны хүмүүстэй уулзахад манай улсыг зайлшгүй шаардлагатай бүх хэрэгслээр хангаж, эрчим хүчний хямралыг зогсоохоо дамжуулсан” гэж мэдэгдсэн юм.
“Улс орнууд эрчим хүчний нөөцдөө санаа зовнихгүй байна”
Дэлхийн улс орнууд дахь эрчим хүчний энэ хомсдол нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг санууллаа. Гэвч бүх нийтээр цэвэр эрчим хүч рүү шилжих нь газрын тосны салбарыг уналтад оруулахыг ажиглагчид анхааруулав.
Европ болон Азийн орнуудад байгалийн хийн үнэ тэнгэрт хадсан бол Хятадад нүүрсний үнэ дээд хэмжээнд хүртлээ өсөөд байна. Зарим эрчим хүчний нийлүүлэгчдийн газрын тосны эрэлт нэмэгдсэн нь газрын тосны үнийг 2014 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн юм. Дэлхий нийтээр 2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтөөс аврахын тулд илүү их хичээл зүтгэх гаргах шаардлагатайг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ. Энэ хүрээнд газрын тосны шинэ орд болон нүүрсний уурхайн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа зогсоох ёстойг анхааруулав.
Энэ талаар Олон улсын эрчим хүчний агентлагийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол “Дэлхийн эрчим хүчний зах зээлд маш ойлгомжгүй байдал үүсэх эрсдэл ойрхон байна. Бид ирээдүйн эрчим хүчний нөөцдөө хөрөнгө оруулахгүй байгаагаас гэнэт тодорхойгүй байдал үүслээ. Улс орнууд ирэх жилүүдэд цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэж ярилаа.
Гэвч эрчим хүчний хямралтай байгаа энэ үед нүүрсний хэрэглээг тэглэх нь энэ төрлийн бизнесийн байгууллагууд үүдээ барьж, энэ өвөл цахилгааны төлбөр өндөр болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.Хятад улсын тухайд гадаадад нүүрсээр ажилладаг эрчим хүчний станц барихгүй гэдгээ НҮБ-ын индэр дээрээс өнгөрсөн сард амласан. Гэвч саяхан үүссэн эрчим хүчний хямралаас үүдэн Бээжин зарим нүүрсний уурхайг гарцаа нэмэгдүүлэхийг тушаагаад байна.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин