Ардчилсан намын Онц Их хурал баасан гаригт болж, 21 аймаг, 9 дүүргийн 1318 төлөөлөгч оролцон намын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөр ажиллахаар болсон.
Тэгвэл өнөөдөр /2021.11.08/Ардчилсан намаас Онц Их хурлын талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Монголын ард түмэндээ Монгол бахархлын өдрөөр болж өнгөрсөн “Онц Их хурал”-ын талаар мэдээлэл хүргэе.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд ээдрээтэй нөхцөл байдал үүсээд явсан нь үнэн. Сүүлийн нөхөн сонгуулийн үеэс эхлээд Ардчилсан нам дотооддоо “Онц Их Хурал”-аа хийе, “Эв Нэгдэл”-ийн хурлаа хийе гэж ярилцаж хэлэлцэж ирсэн. Энэ Их хурлыг зарлах эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүн гарын үсэг зурснаар “Онц Их Хурал”-аа дүрмийн хүрээнд зарласан.
Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 1318 төлөөлөгчид хүрэлцэн ирж 95% хувийн ирцтэйгээр хуралдаа оролцсон бөгөөд бүгд тамга тэмдгээ дарж, хурлаа хийж шийдвэрүүдээ гаргасан.
Ингээд бид Ардчилсан намын үүсээд байсан асуудалд цэг тавилаа. Эрх бүхий байгууллагаас албан ёсоор шийдвэрлэж хурлаа зарлалаа. Оролцоо бүрэн дүүрэн хангагдлаа. Хуралд цугларсан 1318 төлөөлөгч нийтээрээ Ардчилсан намд тулгарсан асуудлыг төрийн байгууллага шийдэх ёсгүй. Бид бүхэн асуудлаа дотооддоо шийдвэрлэнэ гэж үзсэн юм. Ардчилсан намын дотоод асуудлыг бид дотооддоо олонхоороо шийдвэрлэлээ. Энэ бол үзэл санааны хувьд хамгийн дээд шийдвэр гэж бид бүхэн үзэж байна. Үүнээс цааш бид дотоод хэрүүл, маргаан ярихгүй. Ардчилсан нам хэрхэн, яаж ажиллах талаар ярилцана. Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар бодлогын шийдлүүдийг ярина.
Эрх барьж байсан, төр түшилцэж байгаа намынхаа хувьд, иргэн төвт үзэл санаа, эрх чөлөөний үнэт зүйлийг тээж ирсэн намынхаа хувьд Монгол улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана. Сөрөхийн тулд сөрдөг сөрөг хүчин биш бодлогын сөрөг хүчин болж ажиллана. Тиймдээ ч Ардчиллын талд байдаг эрхэм олон хүмүүсийг урьсан юм. УИХ-ын гишүүнээр, төрийн сайдаар ажиллаж байсан Лувсаннямын Гантөмөр гишүүн маань хамтарч ажиллах урилгыг маань хүлээн авч Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Монгол Улсдаа Хүний эрх, шударга шүүхийн талаар хүндлэл хүлээсэн ХЗДХ-ийн сайд асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжин маань хамтарч ажиллах урилгыг хүлээн авснаар Монгол улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа ажиллана хэмээн сэтгэл шулуудаад байна”гэлээ.
Л.Гантөмөр:Ардчилсан нам ажил хэрэгч улс төрийн хүчин байна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр“2024 оны УИХ-ын сонгууль бараг хаяанд ирсэн. Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульд бэлтгэж эхэлдэг.
МАН буюу эрх баригчид 2020 оны долдугаар сарын 1-ээс эхлээд дараагийн сонгуульдаа бэлдээд эхэлчихсэн. Томоохон улс төрийн хүчний хувьд АН бүтэн хоёр жилийг алдчихлаа. Бид олон хүнийг хамарсан улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль ээдрээтэй болохоор харагдаж байна. Тиймээс бид хоцорсон ч гэсэн араас нь явна. Тодорхой үйл ажиллагаа явуулна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна.
Цар тахлаас болж олон хүн ядуурч, ажилгүй болж, ААН-үүд хаагдлаа. Бид одооноос илүү ажил хэрэгчээр хандана. Монгол орныг хамарсан энэ их ажилгүйдэл, ядуурал улс оронд ямар айхтар үр дүн авчрах вэ гэдгийг залуус харж байгаа байх. Тиймээс би хоёр зүйл дээр анхаарч ажиллана. Нэгд, ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Нийгэм, эдийн засгийн байдлыг бүрэн судалж, үнэлэлт дүгнэлт өгнө. Судалгаан дээр суурилсан бодлогуудыг гаргана. АН-ын бүлгээ дэмжиж ажиллана. АН-ын гишүүд өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөхүйц хуулиудыг санаачилж ажиллана. Ингэхийн тулд бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ долоо хоногтоо багтан Стратеги, хөгжлийн хүрээлэн байгуулна. Хоёрт, залуу үеэ хөгжилд хөтөлнө. Тиймээс сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэж, 2024 онд засгийн эрхийг авахуйц улс төрийн нэгдлийн зохион байгуулалтыг хийнэ. Бид одооноос ямар ч хэрүүл маргаанд оролцохгүй. Ардчиллаар овоглодог бүх хүнийг нэгтгэхийг төлөө ажиллана”гэдгээ мэдэгдлээ.