Улсын Филармони энэ сарын 5-ны өдөр үзвэрийн 50 дахь жилийн нээлтийн тоглолтоо зохион байгуулсан байна.
Энэ жилийн нээлтийн тоглолтоороо Монголын алдарт хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Тэнгэр тал” концертыг Симфони найрал хөгжмийн хамт олон амжилттай толилууллаа.
Тоглолтод хөгжимчин Д.Азбилэг, Ө.Болормаа, М.Номужин, Т.Энх-Отгон, О.Урангоо болон үлээвэр хөгжимчин Г.Гантулга, Х.Тунгалагтамир гоцлон хөгжимдөж гоцлол дуучин МУГЖ Э.Анхбаяр, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/ ая нар дуугаа өргөсөн юм.
Тоглолтын онцлох нэгэн бүтээл бол хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Эрхт Монгол” удиртгал хөгжим байлаа. Уг бүтээлийг Улсын Филармониос энэ онд хэрэгжүүлж буй Монгол уран бүтээлийн “Эрхт Монгол” төслийн хүрээнд шинээр бүтээн туурвисан ба анх удаагаа тайзнаа эгшиглэжээ.
Хөгжим судлаач, МУСГЗ Ч.Буянхишиг тоглолтын хөтлөгчөөр ажиллаж тоглогдож буй бүтээлүүдийн түүхэн танин мэдэхүйн мэдээллүүдийг болон мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдийг тайлбарлан хүргэсэн нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Тоглолтын төгсгөлд Улсын Филармонийн захирал С.Баттулга/СТА/ үзэгч олондоо талархлын мэндчилгээ дэвшүүлж, уран бүтээлчид, хамт олондоо үзвэрийн 50 дахь жилийн нээлтийн баярын мэндийг дэвшүүлсэн юм.