МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны үйл явц болон үр дүнгийн талаар хурал даргалагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хурлын нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн Их хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар есийг нь хэлэлцээд байгааг 30 дахь Их хурлын даргалагч Д.Тогтохсүрэн мэдээллээ. МАН-ын даргаар өчигдөр Л.Оюун-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 99.67 хувийн саналаар батламжилсан. Ингэснээр МАН-ын дарга намынхаа 30 дахь Их хурлаар 30 дахь дарга болсон билээ. Одоогийн байдлаар Их хурлаас долоон тогтоолыг батлаад байна.
Үүнд нэгдүгээрт, намын даргын “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотой хоёр тогтоол гарсасны нэг нь МАН-ын 100 жилийн ойн тогтоол байлаа. Энэ бол намын дотоод амьдралтай холбоотой, өнгөрсөн 100 жилд МАН-ын гүйцэтгэсэн үүрэг, цаашдын зорилттой холбоотой юм. Нөгөөх нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотой есөн зүйл, заалт бүхий тогтоолыг гаргалаа. Энэ тогтоол бол УИХ, Засгийн газарт чиглэл өгсөн, өчигдрийн намын даргын илтгэлд тусгасан эдийн засгийг сэргээх зургаан зүйл бүхий томоохон зорилтыг багтаасан тогтоол юм.
Түүнчлэн “МАН-ын Хяналтын ерөнхий хорооны тайлан, илтгэл болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн илтгэлтэй холбоотой ажлын тайлан зэрэг дөрвөн тогтоолыг батлан гаргаад байна. 30 дахь Их хурлын даргалагч Д.Тогтохсүрэн “МАН цахим нам болсон. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилттай он жил байлаа гэж ажлаа дүгнэлээ. Түүнчлэн намаас томилогдсон албан тушаалтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тогтоолыг гаргасан. Тухайлбал, манай намаас нэр дэвшиж, тодорхой албан тушаал хашиж байгаа 2000 гаруй хүн бий. Тэдний хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллана. Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдсанаар хүний эрхийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, улмаар Авлигын эсрэг эрх зүйн орчныг сайжруулах тогтоолыг батлан гаргалаа” хэмээн тодотголоо. Энэ удаагийн Их хурлын онцлог нь өмнө нь хэлэлцэж байгаагүй буюу хүний эрх, авлигатай тэмцэх асуудлыг тухайлан хэлэлцэж, намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтийг оруулснаараа өндөр ач холбогдолтой” хэмээн тэрбээр онцоллоо. Хоёр өдрийн турш хэлэлцэн баталсан намын дүрмийн өөрчлөлтийн талаар “Нэгдүгээрт, дүрэмд цахим харилцааг зохицуулсан асуудлыг бүлэг болгож оруулсан. Хоёрдугаарт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй хэрхэн, яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг намын дүрэмд тодорхой болгож тусгасан.
Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг МАН дүрэмдээ томоохон шинэчлэл хийлээ” хэмээн тодотголоо.
Түүнчлэн МАН-ын 30 дахь Их хурлаас иргэд сонгогчид, намын гишүүддээ хандсан уриалга гаргасан юм. Энэ талаар 30 дахь Их хурлын нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан юм.
Тэрбээр “Өнгөрсөн 100 жил бол МАН-ыг үүсгэн байгуулагчдын чин эрмэлзэл, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг тэмцэн олж, улмаар ардчилсан төрийн тогтолцоогоор баталгаажуулсан түүхэн үе байлаа. МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улс төрийн хүчин мөн. Ээдрээ бэрхшээл хатуу сорилтуудаар эхэлж буй шинэ зуунд манай нам хөгжил дэвшил оршин тогтнохын үндэс, бие даасан хүчирхэг аж ахуй үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн улс болоход бүхий л бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх болно. Ийм бодлогын төвд хууль, төр засгийн ажил үйлээр хүний эрх нь хангагдсан чөлөөт, эрүүл, боловсролтой хөдөлмөрч иргэн байх болно.
Бид иргэн бүрээ хөхүүлэн дэмждэг, оролцоог хангадаг, хууль дээдлэх ёс шударга ёсыг хангасан хангасан сахилга, хариуцлага ёс зүйн хэм, хэмжээг чанд сахин мөрдүүлж, төр иргэний хоорондын итгэлцлийг шинэ түвшинд гаргана.
Төлөөллийн ардчиллын зарчмаар байгуулсан төр засаг, үндэсний эв нэгдлийг нүдний цөцгий мэт нандигнан хамгаалж, одоо болон ирээдүй үеийн хүсэл мөрөөдөл мөн эдийн засгийн болон байгаль, экологийн таатай нөхцөлийг хангасан ногоон хөгжлийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэх арга замыг урт, дунд, богино хугацааны бодлого болгон, төр хувийн хэвшил нийгмийн бодитой оролцоо, хөрөнгө оруулагчийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүйцээх бүрэн боломжтой байна. Зууны турш Монголын ард түмний итгэл найдварыг тээн хэрэгжүүлж ирсэн МАН-аас дэвшүүлж буй энэ зорилтыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.