Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, намын үзэл баримтлалаа албан ёсоор “Социал Демократ” гэдгээ тунхагласан билээ. Мөн намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намаасаа түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байгаа. Хоёр өдөр хуралдсан намын 30 дахь Их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилсэн бөгөөд Анхдугаар Бага хурал өчигдөр хуралдлаа. Бага хурлын Анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонголоо.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд танилцуулсан.
Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонголоо.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “МАН бусад улс төрийн хүчнээс түрүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах том шинэчлэлийн суурийг Д.Амарбаясгалан тавьж чадсан гэж миний хувьд үнэлдэг. Цаашид энэ шинэчлэл үргэлжлэх ёстой. Д.Амарбаясгалан нөхдөө үргэлж дэмжиж, өөрөө ялалтын гол цөм болж, намын аппарат, Удирдах Зөвлөлийг удирдаж, эхлүүлсэн ажлаа дуусгах тухайд итгэл үнэмшилтэй ажиллаж чаддаг. Д.Амарбаясгалан дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, дараалсан хоёр сонгуулийг амжилттай удирдан, УИХ-д манай нам 60-аас дээш суудал авах боломжийг бүрдүүлсэн. Мөн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, МАН бүх түвшинд засаглах боломжийг бүрдүүлэн, ялалтын манлайлагч болсон. Цаашид МАН хөгжлийн институцийн хувьд илүү судалгаатай хандах, шинжлэх ухаанч нам болох, бодлогын шинэчлэл хийх, хүний эрхийн чиглэлд дэвшүүлсэн томоохон бодлого, зорилтоо хэрэгжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх тогтолцоог бүрдүүлэх, Их хурлаас дэвшүүлсэн “Зууныг эхлүүлэх зургаан шинэчлэл”, намын дэвшилтэт шинэчлэлтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд Д.Амарбаясгалантай гар нийлж ажиллах болно” хэмээн тодотгосон юм.
Анхдугаар бага хурлын гишүүд Монгол Ардын Намын орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга нарыг, орон тооны бус нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэлийг тус тус хоёр дахь удаагаа улираан сонгов.
Түүнчлэн намын дотоод хяналт буюу Хяналтын Ерөнхий хороо нь хараат бус бие даасан байгууллага. Дарга, бүрэлдэхүүний нэрийг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэл сонгодог дүрмийн заалттай. МАН-ын 30 дахь Их хурлаар Хяналтын Ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг сонгосон бөгөөд намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд тамгыг нь гардууллаа.