Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийлээ

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2021 оны арван нэгдүгээр сарын 10-ны өдөр захирамж гаргаж, Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдрийн Лхагва гарагт 12.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их Хуралдай” танхимдхуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.

Уг захирамжийн дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 12.00 цагт гишүүдийн  76.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.  

Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан. Энэ үндсэн дээр үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулж буйг онцлов.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд оролцов. Мөн гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн байгууллагуудын тэргүүн нар, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд хүндэтгэлийн хуралдаанд цахимаар оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэв. Улсын Их Хурлын дарга үгийнхээ эхэнд, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой, Зүрхний бичлэг шиг үйл явдалтай 100 жилийн төгсгөл 2021 оны сүүлчийн долоо хоногийн мэндийг ирээдүйд үүнээс илүү сайхан 100 жилийн эхлэл, шударга нийгэм, цэцэглэн хөгжсөн Монголыг үр хүүхдүүддээ үлдээхийн төлөө зорьж яваа ЭХ ОРОНЧ монгол хүн бүхэнд өргөн дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, монгол үндэстэн бусдын хараат болж, дарлал хоцрогдолд нэрвэгдэж, үндэсний эрх чөлөөгөө алдаад байсан гашуун цагт 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсан юм.

Шинэ тулгар Монгол Улс өдгөөгөөс 110 жилийн өмнөх энэ өдөр буюу 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт Эзэн хаанаар өргөмжилж, улсаа Монгол, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээж, 5 яамтай  Засгийн газраа байгуулсан нь Монгол орон дахин бие даасан, тусгаар улс болсноо дэлхий ертөнцөд тунхаглан зарласан хэрэг байлаа. Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын Шинийн 9-ний энэ түүхт өдөр улсаа сэргээн мандуулсан монголчууд “Тэнгэрийн цаг ирэв” хэмээн баясаж, баярын нулимс асгаруулан залбирч, мөргөж байсан нь уг үйл явдлыг нүдээр үзсэн гэрчүүд, гадаад улс орнуудын элч төлөөлөгчдийн дуртгал, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудсанд тэмдэглэгдэж үлдсэн байдаг хэмээн онцлов (УИХ-ын даргын хэлсэн үгийг доорх холбоосоорhttp://www.parliament.mn/n/rh3yn бүрэн эхээр нь танилцана уу). 

Түүнчлэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн монгол түмэн, Богд эзэн хаан болон улс төрийн манлайлагч удирдагч нар Монгол Улс цаашид олон улсын жишгийг даган, тухайлбал Англи, Швед зэрэг улс шиг Үндсэн хуульт Хаант засгийн хэлбэрийг сонгох ёстой гэж төсөөлж байсан юм. Иймээс Америкийн олон улсын хуульч эрдэмтэн Хэнри Уйтоны зохиосон Олон улсын эрх зүйн үндсийг тодорхойлсон бүтээлийг “Түмэн улсын ердийн цааз”, “Түмэн улсын албан цааз” хэмээх нэртэй хоёр дэвтэр болгон орчуулж, судалж байжээ. Мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэн билгүүн номч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээнд Үндсэн хуулийн эх боловсруулах даалгавар өгч, “Улсын эрх” хэмээх удирдамжийн шинжтэй баримт бичиг боловсруулсан нь бидэнд уламжлан иржээ.

1914 онд хоёр танхимтай парламент буюу Улсын Дээд, Доод хурлыг байгуулсан нь олон улсын жишгийг харгалзан парламентат ёсонд шилжих гэсэн анхны оролдлого байлаа. 1912-1913 онд хааны зарлигаар Халхын 86 хошууг 92 болгож, тамгатай 13 хутагтын шавиас бүрдсэн засаг захиргааг эмхлэн байгуулжээ. 1912 онд  Бүгд ерөнхийлөн захирах яам, Гаалийн яам, Шашин төрд туслах сайдын яамыг нэмж байгуулснаар гүйцэтгэх засаглалын тогтолцоо бүрдсэн байна. “Зарлигаар тогтоосон Монгол улсын Хууль зүйлийн бичиг” хэмээх 65 дэвтэр хууль журмыг боловсруулан баталж, түүгээр 1912-1919 онд төр захиргаа, эдийн засаг, сургууль, гадаад бодлого гэх мэт нийгмийн бүхий л хүрээний харилцааг зохицуулж байсныг дурдав.

Улсын Их Хурлын дарга цааш хэлэхдээ, Орост иргэний дайн дэгдэж, Монгол дахь нөлөө нь суларсныг Дундад Иргэн Улс ашиглан 1918 онд цэргийн батальоныг Монголд оруулж, улмаар 1919 онд цэргийн хүчээр цөмрөн орж, Монголын сюзернитетийг устгаснаар Үндэсний хувьсгалын үйл хэрэг түр тасалдсан билээ.  Гэсэн ч 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын шууд үргэлжлэл болж, 1921 онд Ардын хувьсгал ялан мандсан түүхтэй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын угтал байсан юм.

Ардын засаг төрийг тогтоон, шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх үйл хэрэгт ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, ёс журамтай хүмүүсийг сонгохыг чухалчилж байсан нь 1923 онд баталсан “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-д бүрэн тусгалаа олсон байдаг. Уг дүрэмд “Улсын ба аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн даргад хүртэл аливаа албан тушаалтан буюу тус бүрийн хурлын төлөөлөгчдийг сонгоход цөм эрхбиш ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролдсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино. Гагцхүү арван гэрийн даргад бичиг үсэгт боловсроогүй боловч төв шударга хүн бол сонгож болно” гээд, албан тушаалтан ба хурлын төлөөлөгчдийг сонгохдоо “…дэмий ноёд баяд ба ураг төрлийг нүүрчлэх, эзэрхэг харгисын сүрээс айх ба эд ашигт шунах зэргээр зусарч бялдууч, ховдог авлигач, хааш яаш хүнийг сонгох зэргийн гэм өдүүлэх аваас сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг цөм улсын цаазыг зоримогоор зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан, уул тушаалын орыг өөр хүн сонгуулна” гэсэн байдаг. Эдгээр зарчим өдгөө ч чухал ач холбогдолтой хэвээр байгааг онцоллоо.

Улмаар 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхаглан зарласан. Ийнхүү Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрх олгосон Азийн анхны орон болж, улс орондоо анх удаа парламентат ёсыг Улсын Их Хурал, Улсын Бага Хурал хэлбэрээр буй болгосон нь түүхэн дэвшил байлаа.

Ардчилсан үзэл монгол нүүдэлчдийн цусанд байсан бөгөөд эзэн Чингис хааны төр улсаа түвшитгэх бодлого, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үзэл санаа анхнаасаа л ардчилсан суурьтай байсан юм.

Ардчиллын төлөөх энэ үзэл санаа үр хөврөлөө тээсээр 1990-ээд онд нийт нийгмийг хамарч, тэр нь Ардчилсан хөдөлгөөн болон өрнөснөөр 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал ялсан билээ. Энэхүү хувьсгал нь Монгол орон хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны замд хөл нийлэх, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгон, улс орноо цоо шинэ замаар удирдан хөтлөх шинэ ирээдүйг нээсэн билээ.

Зуун жилийн өмнө өвөг дээдсийн минь зорьж байсан Үндсэн хуульт байгуулал, засаглалын тогтолцооны үндсэн үзэл баримтлал 70 жилийн дараа 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд дахин тусгалаа олж, өдгөө бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хичээн зүтгэж байна хэмээн тэмдэглэлээ.

Өнгөрсөн зуунд бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулахын төлөө тэмцэж амжилтад хүрсэн бол шинэ зуунд Монгол улсаа хөгжүүлж, эдийн засгийн хувьд бие дааж тусгаар тогтносон, цэцэглэн мандсан улс болгон хувиргах ёстой. Бид энэ зорилтыг хэрэгжүүлж байж улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа хайрлалгүй тэмцсэн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалын өмнө нүүр бардам зогсох эрхтэй болно.

Шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсний 30 дахь жилийн ой шинэ он дөнгөж гарсны дараа тохионо.Өнгөрсөн 30 жилд олсон ололт, туршлага сургамжаа цэгнэн үзсэний үндсэн дээр Үндсэн хуульдаа 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Улсын Их Хурлын гишүүд Та бидэнд ард түмэн минь өгсөн.

Монголын ард түмний сонголтоор сонгогдсон найм дахь парламент сонгодог парламентын засаглалыг тогтоох, цахим парламент болох, ард түмний засаглах эрхийг хангаж, иргэдтэйгээ хамтран хууль баталдаг тогтолцоог бүрдүүлэх, парламентын боловсролыг иргэддээ түгээх, парламентад сахилга, хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх зэрэг чиглэлээр хичээн зүтгэж байна.

Парламент хууль батлахын зэрэгцээ түүний биелэлтэд эн чацуу анхаардаг болох сонгодог парламентын хөгжлийн дараачийн шинэ үе шат хэдхэн хоногийн өмнө баталсан Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиар эхэлж байна.

Эрх зүйн хувьсгалыг Эдийн засгийн, Нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэж бид үзэж байна. Бидний өвөг дээдэс тэртээ 100 гаруй жилийн өмнө эдийн засгийн хувьд бие даасан байдлаа хангахыг эрхэмлэн чухалчилж байсныг бид ч үргэлжлүүлэх учиртай. Хөгжлөө тэтгэх эдийн засаг, өсөлтийн үр өгөөж нь иргэддээ, айл өрх бүхэндээ хүрэх боломж нөхцөлийг хангасан Эдийн засгийн хувьсгал хийх цаг нэгэнт болсон. Уул уурхайд түшиглэсэн ганц тулгуурт эдийн засгаа дор хаяж 2-3 тулгууртай болгоход Эдийн засгийн хувьсгал, Шинэ сэргэлтийн бодлого чиглэж байна.

Нийгмийн бодлогын хувьсгал Халамжаас хөдөлмөрт шилжих тулгуур зарчимд суурилж, монгол хүнээ дэлхийн түвшний боловсролтой болгож, эрүүл Монголыг төлөвшүүлэхэд чиглэх ёстой гэж үзэж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүхэн хөдөлмөрлөж байж, улс орон хөгжинө. Ажилтай хөдөлмөртэй иргэн байхын тулд боловсрол мэдлэг эзэмших ёстой. Энэ зорилгоор Боловсролын шинэчлэл хийхээр бид зорьж байна.

Эрүүл монгол хүн л ихийг бүтээж, эх орноо хөгжүүлж чадна. Эрүүл мэндийн салбарыг иргэндээ ээлтэй, чадварт суурилсан, шинжлэх ухааны ололт, шилдэг тоног төхөөрөмжөөр хангагдсан, хүн бүхэнд хүрч үйлчлэх зөв тогтолцоотой болгон хөгжүүлэх эхний алхмуудыг хийж эхлээд байна.

Ийнхүү Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх нь Монгол орон сэргэн мандах, хөгжин дэвших түлхүүр хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлсэн юм.

Монголчууд арван тавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 399 дүгээр зарлиг гаргаж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл зарлигыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулж, түүхт ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан байдаг. 

Улмаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жил бүрийн арван хоёрдугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгож, нийтээр тэмдэглэхээр хуульчилсан юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2011 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд хийсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Их Хурал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хоёр дахь удаагаа зарлан хуралдуулав.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, үйл ажиллагаага явуулж ирсэн өнгөрсөн 31 жилийн хугацаанд Улсын Их Хурал 15 удаа хүндэтгэлийн хуралдаан хийсэн байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …